Цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр түүнийг дагасан элдэв гэмт хэрэг цадигаа алдлаа. Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим орчинд залилуулсан, тухайн хэрэгслээр гүтгэж, доромжилсон, илт худал мэдээлэл түгээсэн гэх зэргээр өдөрт 13-15 гомдол гаргаж байна. Нийслэлийн дүүргүүд болон аймаг, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсгийн төлөөлөгчид энэ талаар бас олон гомдол өгч буйг үүн дээр нэмвэл маш их тоо гарна. Цахим орчны замбараагүй хэрэглээтэй, хэн дуртай нь хуурамч хаяг нээж ашиглаж буй энэ цаг үед дэлхийн бусад оронд гарч байгаад хумигдсан хэргүүд Монголд ид хүчээ авах боллоо. Ингэхдээ гэмт этгээдүүд аргаа улам нарийсгаж, цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгахад төвөгтэй, нэлээд урт удаан хугацаа шаардахуйц болгож байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр манай хууль, эрх зүйн орчны цоорхой, энэ төрлийн гэмт хэрэгт оноож буй эрүүгийн хариуцлага хэт хөнгөнтэй шууд хамааралтай. Цагдаагийнхан маш их хугацаа зарцуулан байж цахимаар гэмт хэрэг үйлдэгч луйварчин этгээдийг олж тогтоон, нотлох баримтуудаа баталгаажуулан баривчилдаг. Улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх болоход шүүх хуульд заасан ялуудаас сонгож онооно. Дийлэнхдээ цахим орчинд халдаж, луйвардсан хэрэгт торгох, эсвэл зорчих эрх хязгаарлах ял оноочихож байгаа юм. Зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд гэрээсээ гаралгүй дахиад л цахимаар гэмт хэрэг өдүүлж, иргэдийг луйвардах нь гарцаагүй. Ингэхдээ өмнө нь цагдаагийнханд баригдсан алдаагаа давтахгүйн тулд үйлдлийн аргаа улам нарийсгаж байна.
Цахим орчин гэдэг бол орон зай, цаг хугацаа хязгаарлахгүй, интернэт сүлжээ байгаа нөхцөлд хаанаас ч хандаж болдог. Өдгөө төхөөрөмж нь байгаа тохиолдолд Монгол орны хөвч тайгын уулын мухар, говь цөлийн хаанаас ч цахим сүлжээнд холбогдох болсон билээ. Тэгэхээр хаанаас ч үл ажиглагдах луйварчид иргэн таныг элдэв аргаар урхидан хохироох боломжтой гэсэн үг. Тийм учраас эрхэм та өөрийгөө л эрсдэлээс хамгаалах, ядаж л тантай харилцдаг хэн нэгэн цахимаар мөнгө гуйсан тохиолдолд утсаар нь холбогдож лавладаг, код очсоныг явуулчих гэсэн чатад хариу өгдөггүй байх ухамсар, сэтгэхүйтэй болох цаг үе иржээ. Утас, компьютерын цаанаас үл ажиглагдах луйварчид алхам тутамд тань таныг анаж, үйл хөдлөл, алдаа гаргахыг хүлээсээр байгаа гэдгийг байнга санаж, сэрэмжлэхгүй бол тэдний учруулсан хохирлыг эргүүлж олж авах гэж хэчнээн цаг хугацаа, хөрөнгө мөнгөө гарздахыг таашгүй.
Эрхэм уншигч таныг цахим орчинд сүүлийн үед эрчимтэй үйлдэгдэж буй гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлээсэй, ухаарал аваасай гэсэн үүднээс хэд хэдэн бодит хэргийн жишээг хүргэе.
“ЛЭНД.МН” ЗЭРЭГ ЭЭЭЛИЙН АППЛИКЭЙШНҮҮД ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН НЭГ ХЭРЭГСЭЛ БОЛЖЭЭ
Хүний хэрэглээ алганд багтдаг болсон энэ цаг үед цахим зээлийн аппликэйшнүүд иргэдийн мөнгөний хэрэгцээг хангахад дэмжлэг болж буй. Энэ эрэлтийг дагаад зээл олгодог олон аппликэйшн бий болсон. Иргэдийн хамгийн сайн мэдэх нь “Лэнд.мн” гэх апп. “Лэнд.мн ББСБ” ХК-ийн бүтээсэн энэ финтек бүтээгдэхүүний хэрэглэгчдийг цахим залилагчид отоод сууж байдаг аж. Тус компанийн фэйсбүүк дэх албан ёсны хуудасны коммент хэсэгт иргэд зээл авах хүсэлтээ байнга оруулдаг. Тэнд коммент бичсэн иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаар хандаж залилсан хэргүүд гарах болсон юм. Тодруулбал, хуурамч хаягнаас “Би Лэнд.мн-ийн ажилтан байна. Та надтай тодорхой хувь тохироод зээл авч болно” гэсэн утгатай зурвас илгээдэг байж. Үүнийгээ нарийн төлөвлөж, бэлдсэн нь тодорхой аж. Уг залилангийн хэргийг үйлдэгч этгээд дээрх пэйж хуудсанд хандсан иргэдийн мэдээллийг нарийвчлан шүүгээд “Сайн байна уу. Би “Лэнд.мн апп-ын зээлийн эдийн засагч байгаа юм. Хэрвээ та манайхаас зээл авдаг бол тодорхой тохиролцоотойгоор зээлийн эрхийг нь нэмж өгье. Танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол хэн хэндээ тус болж болно. Гол нь найдвартай байж чадвал ямар ч асуудал гарахгүй шүү. Өөрийн эрх мэдлийн хүрээнд миний чадах зүйл гэвэл танд боломжтой зээлийг нэмж өгөх. Харин та зээл гарсны дараа миний хувийн дансанд тодорхой хувь тохироод, ажлын хөлс болгон шилжүүлэхээр тохиролцож болно. Энэ нь манай компанийн хувьд буруу зүйл ч хэрвээ тохиролцоод хэн хэндээ найдвартай байж чадвал миний хувьд зээлийн эрхийг тань асуудалгүй нэмэгдүүлэх боломжтой шүү. Зөвшөөрч байвал та чат бичээрэй” хэмээн зурвас илгээдэг аж. Үүнийг нь зөвшөөрсөн иргэд рүү хуурамч, засварласан мэдээлэл явуулж, утас, цахим шуудан, баталгаажуулах кодыг нь залилан авч, өөртөө зээл гаргаж байжээ. Уг хэрэгт Ө гэх хүнийг холбогдуулан шалгаж, цагдаагийнхан хангалттай нотлох баримт цуглуулан прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 4-нд дайчлан баривчилсан гэнэ.
Эл хэргийн холбогдогч ганц “Лэнд.мн”-ээр тогтохгүй цахим хэрэгсэл ашиглан өөр аргаар ч бусдыг залилан мэхэлсэн нь тодорхой болжээ. Бидний авсан мэдээллээр мөн л дээрх аж ахуйн нэгжийн гаргадаг финтек зээлийн бүтээгдэхүүнийг ашиглан залилсан гэнэ. Фэйсбүүкийн “Мөнгө зээлнэ, зээлдүүнэ” гэх пэйж хуудсанд “LendMN-ийн зээлийн эрхийг нэмж FLEXI зээлд хамрагдуулж, түргэн хугацаанд шийдэж өгнө. ЧатFlexi зээлдээ хамрагдсан бол 50.000.000 хүртэл нэмэгдүүлэх боломжтой” гэх зэрэг зар бий. Харин дээрх хэргийн холбогдогч Ө “Flexi зээл нь таны авч ашиглах боломжтой зээлийн эрх болон хугацааны дээд хэмжээг тодорхойлж, тус хэмжээний дотор олон давтамжтайгаар зээл авах, эргүүлэн төлөх буюу зээлийн шугам хэлбэрээр ашиглах боломжийг танд олгох болно. Зээлийн эрхийн хэмжээ 5-100 сая хүртэлх төгрөг” гэх зэрэг чатыг илгээж мөн л баталгаажуулах код, цахим шуудан зэргийг нь аваад их хэмжээний хохирол учруулсан нь тодорхой болжээ. Тэрбээр 3400 орчим иргэнээс 200-300 сая төгрөг залилсан байж болзошгүй аж.
ТЕЛЕГРАМААР ЗАЛИЛАГЧДАД МӨНГӨӨ АЛДСАН ИРГЭДИЙН ТОО ЭРС ӨСЛӨӨ
Цахим харилцаа холбооны Телеграм гэх суваг олон гэмт хэргийн үүр, уурхай болчхоод байна. Уг сувгийг ашиглан манайд мансууруулах бодис худалдсан гадаадын иргэдийг хууль сахиулагчид олж тогтоон мөрдөн шалгаж байсан удаатай. Энэ сувгийг ашиглан цахимаар залилж буй тохиолдол ч их боллоо. Телеграм дахь таны хаяг руу үл таних, үл үзэгдэгч хэн нэгнээс “Онлайн цагийн ажилд оруулж өгнө. Даалгавар биелүүлж, мөнгөө өсгөмөөр байна уу” гэх зэрэг мессеж ирж буй биз. Үүнд нь итгээд мөнгөө алдсан тохиолдол сүүлийн үед эрс өсөв. Хамгийн сүүлд гэхэд уржигдархан Баянгол дүүрэгт нэгэн эмэгтэй даалгавар биелүүлж орлогоо өсгөх гэсэн оролдлогынхоо үр дүнд их хэмжээний мөнгөө алдчихаад байна. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр Телеграм сүлжээнд үйлдэгдсэн залилан мэхлэх хэргийн улмаас улсын хэмжээнд 277 иргэн 3.9 тэрбум гаруй төгрөгөөрөө хохироод буй гэнэ. Энэ төрлийн хэргийн хохирогчдын олонх нь 25-44 насныхан, эмэгтэйчүүд голдуу байна. Тэр дундаа гэртээ хүүхдээ харж буй ээжүүд энэ төрлийн хэргийн хохирогч болох нь их аж. Бас алтны, арьс ширний ченжүүд, уул уурхайд ажиллагсад, мужаан, хүргэлтийн ажилтан, үсчин, менежер, засварчин, тогооч зэрэг ажил эрхэлдэг хүмүүс даалгавар биелүүлж мөнгөө өсгөхөөр өгөөд алдчихжээ. Тодруулбал, бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар биелүүлэхээр нийт хохирогчийн 158 нь буюу 57 хувь нь мөнгөө шилжүүлсэн байж. Тик ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар биелүүлэхээр 44 хохирогч мөнгөө алдчихаж. Байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, зар сурталчилгаанд үнэлгээ өгөх, тодорхой дансанд мөнгө байршуулаад өсгөж авах, зээл олгоход шаардлагатай материал бүрдүүлэх, интернэт банкаар нэвтэрч гүйлгээ хийх зэрэг даалгавар биелүүлж мөнгөө өсгөхийг Телеграм сувгийн цаадах үл үзэгдэгч этгээд танд даалгаад хохироох болсон.
Тухайлбал, залилагч этгээдүүд эхний удаад таныг ажилд орж байгаа мэтээр товч анкетыг нь бүртгэнэ. Улмаар өдөрт 150 000-500 000 төгрөг олоход ердөө л нэг цаг шаардлагатай гэх мэтээр итгүүлсэн зурвас илгээнэ. Ингээд бүх даалгавар болон ажлаа биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө банкны данс руу шууд авах боломжтой зэргээр богино хугацаанд хялбар аргаар ашиг олох санал тавина. Үүний дараа даалгавар биелүүлж байгаа үйл явцыг харуулсан хуурамч сайт ашиглан таны мөнгө өсөж буй мэтээр харуулж, өгсөн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд 10-30 хувиар мөнгө өсгөх боломжтой зэргээр итгүүлдэг. Мөнгөө өсгөхийн тулд бидний илгээсэн данс руу боломжит үнийн дүнгээр та мөнгө шилжүүлэх шаардлагатай. Явуулсан үнийн дүнгээс хамаарч урамшуулал олгодог учраас их байх тусам ашигтай гэж хуурна. Эхний даалгаврыг амжилттай биелүүлсэн гэж итгүүлсний дараа давтамж
урамшуулал болох мөнгийг дараагийн даалгаврыг биелүүлсэн тохиолдолд олгох боломжтой гэж олон удаагийн гүйлгээгээр мөнгө авсаар байдаг аж. Залилагчид арилжааны хэд хэдэн банкны данс ашигладаг бөгөөд тэдгээрийг эзэмшигчид нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай, банкны үйлчилгээ авдаггүй, цахим банк ашигладаггүй эсвэл интернэт, сүлжээ байхгүй алслагдсан хөдөө, орон нутагт оршин суудаг хүмүүс. Дийлэнх данс нь ХААН банкных юм билээ.
МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ УТСААР НЬ ЗАЛГААД ЛАВЛАХ УХАМСАРТАЙ БОЛООСОЙ
Нэгэн аж ахуйн нэгжийн ерөнхий захирал танил маань хэдхэн хоногийн өмнө фэйсбүүкийнхээ нууц үгийг алдаж. Түүнийгээ мэдэлгүй байхад нь найз нөхдөөс нь мөнгө зээлээч гэсэн зурвас илгээжээ. Цайны газар ажиллуулдаг дотнын найз нарынх нь нэг уг зурвасын дагуу мөнгө шилжүүлсэн байгаа юм. Удалгүй нөгөөх найзынх нь хаягаас дахиад мөнгө нэмж шилжүүлээч гэсэн зурвас ирүүлжээ. Түүнийг нь нягтлалгүй, гэр бүлийнхнээсээ мөнгө аваад найзынхаа данс руу шилжүүлчихэв. Гэтэл удалгүй мөнгө зээлэх хүсэлт явуулсан найз нь утсаар залгаад “Ийм зурвас очиж магадгүй битгий мөнгө шилжүүлээрэй” гэж анхааруулсан аж. Гэтэл аль хэдийн тухайн зурвасаар үл үзэгдэгч этгээдийн илгээсэн данс руу 10 гаруй сая төгрөг шилжүүлээд алдчихсан байгаа юм. Иргэдийн хэнэггүй, хайхрамжгүй, аливааг эргэцүүлэн боддоггүй байдал үүнд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Учир юу гэвэл аж ахуйн нэгжийн эзэн хүн хэдийгээр найз байлаа ч гэсэн түүнээс мөнгө асуух уу гэдгийг эргэцүүлэх ёстой санагдана. Мөнгө чатаар асууж буй тохиолдолд утсаар нь залгаад нягталчих учиртай сан. Ингээгүйгээс болж хоёр найзын хооронд тааламжгүй харилцаа үүсэх ч магадлалтай.
“Нэг судалгаанд ороод өгөөч, тавхан минут болох юм” гэсэн зурвас илгээж, иргэдийн гар утасны дугаар болон фэйсбүүкийн “Мэдэгдэл” хэсэгт ирдэг зургаан оронтой кодыг нь аваад хаяг руу нь нэвтэрдэг гэмт хэргийн нэг золиос дээрх хүмүүс болчхоод байна.
Үүнээс гадна хуурамч хаяг нээгээд “Худалдаа, хөгжлийн банк, “Голомт”-ын данстай хүн байвал өдрийн 70 мянган төгрөгийн онлайн ажил байна шүү” гэсэн зар оруулж, сонирхсон хүмүүс рүү “Манайх онлайн тоглоомын цэнэглэлт хийдэг газар. Манай дансны “Мастер карт”-ын лимит дуусчихаад “Голомт” юм уу, Худалдаа, хөгжлийн банкны данстай хүний дансаар карт нээж худалдан авалт хийх гэсэн юм” хэмээн хуурч мэхлэн, дээрх банкуудын аппликэйшнийг нь “олзолж” мөнгийг нь шилжүүлэн авч хохироож байна.
Энд дурдсан хэргүүд бүгд бодитой үйл явдал. Хэргийн зарим холбогдогч үл үзэгдэгч хэвээр. Хилийн чанадад ч оршин сууж, халхавч болсон хэдэн хүн л цагдаа нарт баригдаж, зорчих эрх хязгаарлах, торгох ял аваад өнгөрч байна. Мөнгөө алдсан иргэд түүнийгээ олж авч чадахгүй үлдэх нь элбэг. Харин жинхэнэ эзэд нь үл үзэгдэгч хэвээрээ үлдэж, хохирогчдоос хулгайлсан мөнгөөрөө өөр төрлийн гэмт хэрэг үйлдээд сууж байхыг ч үгүйсгэх аргагүй.
Тиймээс үл үзэгдэгч луйварчдад байдгаа барахаасаа өмнө ухамсартай байж, аливаа үйлдэл хийхээсээ урьтаж нягталдаг болцгооё. Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг гэдгийг ямагт санаж яваасай.