Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол маршрутуудын нэг, нийслэлийг бүхэлд нь тольдон харахад хамгийн тохиромжтой байршилд тооцогддог Зайсан толгойг засаж, шинэчлэх нэрийдлээр жуулчлалын ид үед хаагаад буй талаар бид өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байв. Тэгвэл гурван сар гаруйн хугацаанд үргэлжилсэн “нүсэр” ажил дуусаж, иргэд тухайн газарт саадгүй очих боломжтой болжээ. Зайсан толгой орчмыг тохижуулж, засах ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд Үндэсний их баяр наадмаас өмнө нээхээр төлөвлөсөн ч хугацаанд нь дуусгаж чадаагүй. Тус толгойн оройд байх Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг үзэж, Улаанбаатар хотыг тольдох гэсэн гадаадын жуулчид засвартай байхад нь тэнд очиж өнгөрсөн зунжингаа цоожтой хаалга мөргөцгөөсөн юм. Тур оператор компаниуд, хөтөч, тайлбарлагч нар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт цагаа олоогүй шийдвэрээ эргэж харахыг сануулж, шаардаж байв.
Нийслэлийнхэн харин нүдэн балай, чихэн дүлий юм шиг ажлаа үргэлжлүүлсээр жуулчны идэвхтэй үе дууссан, хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн хойно нээв. Эх сурвалжийн мэдээлснээр Халхын голын ялалтын 85, Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд энэхүү газарт засвар хийж, В.Путиний айлчлалтай уралдан санд мэнд дуусгасан аж. Халхын голын ялалтын ойд зориулсан арга хэмжээг 2024 оны эхнээс авхуулаад л үе шаттай зохион байгуулж, Төрийн тэргүүнийг нь угтан авах бэлтгэлийг базаасан. Түүхэн ойгоо тэмдэглэх нь нэгэнт тодорхой байсан тул Зайсан толгойг өөд нь татах ажлыг ч эрт, жуулчлалын бус улиралд хийх боломжтой байв. Хачирхалтай нь, манайхан аливаа ажлыг судалгаа тооцоогүй, цагийг нь тулгаж хийдэг зангаараа үүнийг аажуу уужуу эхлүүлж, жуулчлалын улирлынхаа хамаг боломж, орлогыг алдав. Засварт орсон Зайсан толгойд нэмж хийсэн гойд зүйл үгүй ч эмтэрч хагарсан шат, зам, хашлагуудыг шинэчилж, гэрэлтүүлгийг нь солин, ТҮЦ-үүдийг нь татан буулгажээ.