Авлигатай тэмцэх газар АНУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигатай тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагаагаар авлигын мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Авлигатай тэмцэхэд хууль, эрх зүйн орчин, мөрдөн шалгах арга техник, олон улсын хамтын ажиллагааны тогтолцоо, байгууллагуудын үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг сайжруулах замаар Монгол Улсын авлигатай тэмцэх чадамжийг нэмэгдүүлэх, мөрдөгч нарын ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилготой уг сургалтыг бодит жишээ, судалгаанд суурилан дүрд хувирах дасгал ажиллуулж, багаар хэлэлцүүлэх хэлбэрээр явуулж буй юм. Үүнд АТГ-ын мөрдөгчид, УЕПГ-ын прокурорууд, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны ажилтнууд оролцож байна.
Сургалтыг нээж АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Монгол Улсын Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын үнэлгээний дараах авах арга хэмжээ”, “Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдвээр бага хурал, хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Энэ сургалт үүний үргэлжлэл бөгөөд авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад ашиглах техник, технологи, арга зүй, туршлага, мэдлэг чадварын түвшин ижил байж, хамтын ажиллагааг эрчимтэй явуулах нь туйлын чухал. Энэхүү чадвар, мэдлэг, хамтын ажиллагааг улам боловсронгуй болгоход энэ сургалтын ач холбогдол оршиж байгаа юм” хэмээн онцоллоо.