“Түгжрэлийг бууруулах “Ecomobility” аяныг төрийн түшээдээс эхлүүллээ” гэх уянгын халил нь хэтийдсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас энэ сарын эхээр олон нийтэд өгч байв. Үүний учир нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагчийг Улаанбаатар хотын 10 чиглэлд тээвэрлэхээр нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас шаардлагатай тооны автобус гаргаж өгөхөөр шийдвэрлэлээ” гэсэнтэй холбоотой. “Ecomobility” гэх сүржин нэртэй эл аяны хүрээнд дарга ангийнхан энгийн иргэдээс тусдаа автобусаар ажилдаа очих юм. Хотын дарга Х.Нямбаатар замын түгжрэлийг бууруулахын тулд дээр дурдсан аяныг санаачилж, Төрийн ордонд ажилладаг хүмүүсийг автобусаар явуулна гэж ийнхүү “попорсон”.
Гэвч энэ үйлдэл нь түгжрэл бууруулах гэснийх ч бус, орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, олноос оноо авах арга гэдэг нь хэнд ч ойлгомжтой. “Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан бусдаас илүү эрхтэй” гэж алдарт Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиолын гол үзэл санааг тодорхойлсон байдаг. Яг үүн шиг манайд бүх хүн тэгш эрхтэй гэж ярьдаг атлаа дарга ангийнхан нь давуу эрх эдэлж, дабл стандарт бий болгоод байгаагийн жишээ нийтийн тээврээс хүртэл харагдаж байна. Учир нь Төрийн ордонд ажилладаг хүмүүст зориулан, энгийн иргэдээс тусдаа гурван чиглэлийн автобус гаргажээ. Тодруулбал, “АТ-1” дугаартай автобусыг Зайсан-Засгийн газрын ордон чиглэлд явуулж байна. Мөн “АТ-2” буюу “Хан хиллс” хотхон-Засгийн газрын ордон, “АТ-3” дугаарын “Хүннү 2222” хороолол-Засгийн газрын ордон гэсэн нийт гурван чиглэлийн зургаан автобусыг одоогоор зөвхөн дарга ангийнханд зориулан явуулж буй гэнэ. Уг нь дээрх чиглэлүүдэд заавал тусгай унаа гаргаад байх шаардлагагүй, нийтийн тээврийн өчнөөн автобус өдөр тутам зорчдог. Зайсан руу л гэхэд нийтийн тээврийн найман чиглэлийн автобуснууд өдөр тутам явж байна. Төрийн ордонд ажилладаг хүмүүс яагаад тэдгээрээр үйлчлүүлж болохгүй гэж.
Дарга ангийнхан олон нийт, иргэдтэй хамт зорчихоос цэрвэдэг нь тусгай унаа гаргах хүртлээ даамжирчихсан хэрэг үү. Тэдэнд олон нийтээс тусгаарлагдах яг ямар хүндэтгэх шалтгаан байгаа юм бэ. Уг нь төрийн албан хаагчид иргэдийн татварт төлсөн мөнгөөр цалинжиж, ажиллаж, амьдарч байгаа бус уу. Тиймээс иргэд ч тэдэнд зориулсан тусгай унаа гаргасныг ихэд эсэргүүцэж, төрийн албан хаагчдын давуу эрхийг хязгаарлахыг шаардсаар байна. Гэтэл дарга ангийнхан нь өнөөх гаргаж өгсөн тусгай автобуснуудыг нь ч голоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан гурван чиглэлийн автобуснуудад нь суудаг хүн төдийлөн байдаггүй, голчлон хоосон явдаг гэнэ.
Нийслэлийн нийтийн тээврийн ихэнх чиглэлийн автобус өглөө, оройд буюу оргил ачааллын үеэр хүнээ багтааж дийлэхгүй байхад дарга нарын унаа болохоор хүнгүй шахам явдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны 1400 гаруй ажилтан, албан хаагч нь түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах бус, харин хувийн автомашинаараа зорчсоор байгаа бололтой. Төрийн албан хаагчдаасаа эхлэн автобусаар зорчиж, түгжрэлийг бууруулна гэсэн Х.Нямбаатарын уянгын халил бодит байдалтай зөрчилдөөд буйг эндээс харж болно.
М.Оч