20.45 цаг. Өдийд бага насны хүүхдүүд унтаж амрах ёстой. Гэтэл энэ цагт нийслэлийн есөн сургуулийн 3000 гаруй сурагч хичээлээ тарж байна. Харуй бүрийд нохой шуугиулан, согтуу хөлчүү нэгнээс айж эмээн балчир үрс сургуулиасаа гэрийн зүг бүдчин алхаж явна. Анги танхим нь хүрэлцээгүй гэх шалтгаанаар олон хүүхдийн сурах эрхийг зөрчиж, тэгш боломжийг хязгаарласан нь байж болох зүйл үү. Монгол Улс 1.2 сая хүүхэдтэй. Тэдний 807 мянга нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тусгаар улс хэдий ч хүүхдүүдийнхээ сурч боловсрох, эрүүл өсөж торних эрхийг нь бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа нь харамсалтай. Эрх баригч, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүүхдийн төлөө гэсэн сэтгэл дутдаг нь хамгийн гол бэрхшээл болжээ. Энэ хичээлийн жилд хэчнээн хүүхэд, цэцэрлэг, сургуульд шинээр элсэх, сургуулиудын ачаалал хаана, хаана ихсэх вэ гэдэг тооцооллын дагуу ядаж жилийн өмнөөс барилга, байгууламжаа бэлдэх байв. Гэтэл бэлтгэлээ хангаагүйгээс хүүхдүүд хичээллэх сургуульгүй, гудамжинд гаргах дээрээ туллаа.
ИРЭХ САРЫН 15-НААС ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ ГЭВ
Нийслэлийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 164 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнээс 39 нь гурван ээлжээр хичээллэж болзошгүйг нийслэлийн Боловсролын газрынхан өмнө нь мэдээлсэн юм. Өдгөө 39 сургуулиас 24-ийг нь түрээсийн байранд хичээллүүлж байна. “Эрдмийн өргөө”, “Хөгжил” болон ерөнхий боловсролын 59, 89, 156 дугаар сургуулийнхан эл асуудлыг дотоод нөөц боломжоороо зохицуулж буй гэх. Мөн 14 дүгээр сургуулийг хоёр долоо хоног, долоодугаар сургуулийг нэг сар ахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллүүлэхээр болжээ. Харин түрээсийн байргүй, өргөтгөлийн барилгагүй, дотооддоо зохицуулах ч боломжгүй есөн сургуулийн 3272 сурагч гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрчээ. Тодруулбал, нийслэлийн 113, 141, 123, 10, 130, 38, 131, 62 болон тавдугаар сургуулийн сурагчид оройн цагаар хичээллэж байгааг Боловсролын яамныхан хэллээ. Эдгээрээс Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 17 бүлгийн 789, 10 дугаар сургуулийн 19 бүлгийн 665, 130 дугаар сургуулийн найман бүлгийн 480 сурагч гурван ээлжээр хичээллэж буй нь хамгийн олон хүүхэдтэйд тооцогдож байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Боловсролын сайдын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатараас тодрууллаа. Тэрбээр “Аравдугаар сарын 15-наас гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно. Сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ойр орчинд нь түрээслэх байр хайж байна. Тухайлбал, 62 дугаар сургууль өнгөрсөн онд “Чингис Соосэ” дээд сургуулийн байрыг түрээсэлсэн. Түүнийг судалж байна. Уг нь 84 дүгээр цэцэрлэгт сурагчдыг хичээллүүлэхээр шийдвэрлэсэн ч стандарт шаардлага хангаагүй гээд эцэг, эхчүүд зөвшөөрөөгүй” гэв.
ТҮРЭЭСИЙН БАЙР ТОЛГОЙ ХОРГОДОХ ГАЗАР БИШ
“Түрээсийн байранд хичээллэхийг эцэг, эхчүүд зөвшөөрөөгүй” гэх бэлэн хариултыг боловсролын салбарынхан хэлж буй. Үүгээр түрээ барьж, 8-10 насны балчир үрсийг харуй бүрийд хичээллүүлэн, сургах нэрээр шийтгэж буйгаа хайцаалах болсон нь тун эмгэнэлтэй. Эцэг, эх, асран хамгаалагчид энэ мэтээр стандарт шаардлага хангахгүй орчин нөхцөлд хүүхдийг “хорьж” буйг таслан зогсоож, тэр ч бүү хэл, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийг төлөө тууштай тэмцэх шаардлага үүсээд байна. 62 дугаар сургуулийн удирдлага, албан тушаалтнуудын хүсэлтээр бага ангийн 800 орчим хүүхэд стандарт шаардлагад нийцэхгүй, зориулалтын бус барилгад чимээгүйхэн хичээллэсэн бол асуудал ингэж өндрөө авахгүй байсан биз. Харамсалтай нь, сургуулийн удирдлагуудын “ор” гэж тулган шаардсан 84 дүгээр цэцэрлэгийн барилга нь дотроо ариун эврийн байгууламжгүй, зөөврийн устай, биеийн тамирын хичээл орох заалгүй гээд сургалтын үйл ажиллагаа явуулах аргагүйг эцэг, эхчүүд учирласан. Тиймдээ ч эцэг, эх, асран хамгаалагчид хичээлийн эхний өдрүүдэд тус цэцэрлэгийн үүдэнд углаж, ийм газар хичээллүүлэхгүйгээ мэдэгдсэн юм. Тэдний тэмцэл үр дүнгээ өгсөн ч байдлыг төдийлөн сайжруулж чадсангүй. Тодруулбал, түрээсийн байранд хичээллүүлэхгүй бол гурав, эсвэл дөрвөн ээлжид оруулна гэх сонголтгүй сонголтыг сургуулийн захиргаанаас тулгасан байна. Ингэхдээ гуравдугаар ээлж 19.00, дөрөвдүгээр ээлжийнхэн 23.00 агт тарна гэжээ. Яаж ч бодсон 23.00 аг хүртэл хичээллэдэг дунд сургууль гэж байх уу. Аргагүй нөхцөл хэмээн аав, ээжүүдийг ятгаж, шаардлага хангахгүй байранд “шахах” гээд хүчрээгүй. Гэвч тус сургуулийн бага ангийнхан 17.00 агт сургуульдаа ирж, 21.00 агийн үед тарж буй нь бодит үнэн. Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэх, эрүүл, аюулгүй орчинд сургах үүрэг нь төр засагт бий. Гэвч энэ эрхэм үүргээ хөсөрдүүлэн, олон зуун хүүхдийг золиослох явдал эмгэг болтлоо ужгирчээ. Хэдийгээр Боловсролын яамнаас ирэх сарын 15 гэхэд ганц ч сургуулийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй гэсэн итгэхэд бэрх. Яагаад есдүгээр сарын 1-нээс урьтаж шийдвэрлэсэнгүй вэ.
Түрээсийн байр сурагчдын толгой хоргодох газар биш. Эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих ёстой. Гэтэл бие засах ч нөхцөлгүй газар түрээсэлсэн нь цөөнгүй. Жишээ нь, 62 дугаар сургуулийн түрээслэх гэж байсан 84 дүгээр цэцэрлэг гаднаа ариун цэврийн байгууламжтай хоёр машин зөрөх зайгүй гудамж бүхий шивтэр ханхалсан газар гэдгийг эцэг, эхчүүд ярьсан. Тухайлбал, тус сургуулийн дөрөвдүгээр ангийн нэгэн сурагчийн ээж “1-4 дүгээр ангийнхныг түрээсийн байранд оруулах болсон талаар хичээл эхлэхээс 3-4 хоногийн өмнө мэдэгдсэн. Сургуулиас хол, гэр хороолол дунд байрладаг 84 дүгээр цэцэрлэгт хичээллүүлнэ гэснийг эцэг, эхчүүд хүчтэй эсэргүүцсэн. Уг нь өргөтгөлийн барилгыг хурдан ашиглалтад оруулчихвал хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж зутрахгүй” гэв. Мөн тус сургуулийн гуравдугаар ангийн нэгэн охины ээж “Манай охины анги 17.00 агт орж, 20.48 агт тардаг. Гэртээ ирээд хоолоо идчихээд л унтдаг. Өлсөж ирээд их хоол идээд шууд орондоо орж байна. Энэ нь ходоод гэдэс хямрахаас эхлээд эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй. Ажил, хичээл тарж, хүмүүс амардаг үеэр хичээллэж буй учраас ядраад багшийнхаа заасныг ойлгохгүй байгаа” гэв.
62 дугаар сургуулийн эцэг, эх, асран хамгаалагчид өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг хүсэж байна. Уг нь тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг 2018 оноос эхлүүлжээ. 2019 онд барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байсан ч өдгөө яг тэр хэвээрээ арцсан аж. Барилгын гүйцэтгэгч компанийн захирал нас барсан тул шүүхэд өмчлөлийн маргаан үүссэн гэнэ. Үүнээс болж барилгын ажлыг гацаажээ. Харин өнгөрсөн зун маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэхийн зэрэгцээ нийслэлээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө төсөвлөжээ. Гэвч хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй хэвээр. Түрээсийн байр олтол гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй гэх албан тайлбарыг Боловсролын яамнаас өгч буй. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсаар. Ганц сар бүү хэл, нэг өдөр ч оройтож тарах нь хүүхдүүдэд эрсдэл дагуулж байна. Эрүүл мэндэд нь хохирол учруулахын зэрэгцээ орой үдшийн цагаар явж байгаад гэмтэж бэртэхгүй гэх баталгаа алга.
Хотын түгжрэлээс шалтгаалж хүүхдээ сургуулиас нь амжиж авч чадахгүй эцэг, эх цөөнгүй. Тавдугаар ангийн хүүхэд найман настай дүүгийнхээ хичээлийг тарахыг хүлээж, сургуулийн гадаа бээрч зогсдог тухайгаа ч ярьсан. Гурван ээлжээр хичээллэх нь хүүхдүүдэд гуниг, айдас мэдрүүлж байна. Арай эрт тараахын тулд зарим хичээлийг ахимаар оруулах гэнэ. Юун тэгш, хүртээмжтэй боловсрол олгох вэ. Ийм байдалтай удаан явбал хүүхдүүдэд сурлагын хоцрогдол үүсэх эрсдэлтэйг багш нар ярьсан. Төрийн өмчийн сургууль барих гэж 4-5 жил “ноцолддог”, санхүүжилтийг нь зогсоодог, түмэн зовлон тоочдог байдлаас болж олон хүүхэд хохирдог жишээ үүгээр дуусахгүй бололтой. Зөвхөн сургууль гэлтгүй цэцэрлэггүй багачууд ч олон байна. Тухайлбал, 61, 337 дугаар цэцэрлэгийнхэн шинэ барилгаа ашиглалтад оруулахыг, их засвар дуусахыг хүлээсээр. Нөгөөтээгүүр, сургууль, цэцэрлэгийн барилгын чанарт онцгой анхаарахгүй бол будаг нь ч хатаагүй байхдаа мөөгөнцөртөж, хана нь уурсан жишээ цөөнгүй. Сургууль бүү хэл, түрээсийн байр ч олдохгүй байхад хүүхдүүд яаж амжилттай сурах . Ийм байдлыг эсэргүүцэн, зоригтой дуугарч чадахгүй байгаа эцэг, эхчүүд ч буруутай. Бүх нийтээрээ бурууд хатуу байж чаддаггүйгээс балчир үрсээ сургах нэрээр шийтгэж байна.