Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш, шударга хүртээх тогтолцоо бүрдүүлнэ хэмээн тусгасан байдаг. Үүний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж буй юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын ахалсан уг ажлын хэсэг уржигдар хуралджээ. Эрдэс баялгийн орлогыг иргэн бүрт тэгш, үр өгөөжтэй хүртээх, ирээдүй хойч үедээ хуримтлал үүсгэх, хөгжлийн томоохон төслүүдээ санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарчимд тулгуурлан, багагүй хугацаа зарцуулан боловсруулж буй уг төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төслийг боловсруулах ажлын хүрээнд 2019 оноос хойш нийт зургаан тандалт судалгаа хийсэн юм байна. Ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Төсөл боловсруулахад эдгээр судалгааны үр дүнгээс ашиглана. Гэхдээ өнөөгийн шаардлага, цаг хугацаанд нийцүүлэн дахин тандан судалгаа хийх хэрэгтэй байгаа” гэжээ.
2022 онд уг хуулийн төслийг шинээр боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д барихаар шийдвэрлэж байсан билээ. Тухайн үед баялгийн сан нь хуримтлалын болон хөгжлийн гэсэн хоёр төрөлтэй байхаар тусгаж, үүнтэй уялдуулан Хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихаар ярьж байв. Гэвч замаасаа буцаасан уг төслийг эдүгээ концепцыг нь арай өөрчлөн боловсруулж, дээрх хоёроос гадна Ирээдүйн өвийн хуримтлалын санг нэмж байгуулахаар тусгаж буй аж. Мөн Үндэсний баялгийн санг улсын төсвөөс хамааралгүй ажиллуулах бөгөөд уг хуулийг баталснаар уул уурхайн томоохон төрийн өмчит компаниудыг хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогоор хангах, дэлхийн хэмжээний чадварлаг менежментийн баг удирдан хөрөнгийг нь арвижуулах, үргүй зардлыг танан, засаглалыг нь сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Улмаар дэд бүтцийн мега төслүүдээ санхүүжүүлэх, улсын хөгжлийг тодорхойлох томоохон төслүүдийг улсын төсөвт дарамт үүсгэхгүйгээр тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.