Барууны үзэл баримтлал, чөлөөт зах зээлийн онолыг дэмжигч 10 орчим залуу хамтран Либертари нам байгуулахаар болсноо мэдэгдээд буй. Улс төрийн намын тухай хуулийн дагуу аливаа нам байгуулахын тулд 801-ээс доошгүй гишүүний гарын үсэг цуглуулах ёстой. Тэд сонгодог либерал, консерватив хоёрыг нийлүүлсэн, баруун жигүүрийн палео либертари үзэл баримтлалтай байх бөгөөд чөлөөт зах зээлийн системд суурилсан хөгжлийн бодлогыг Монгол Улсад хэрэгжүүлэхийг зорьж буй юм байна. Намд нь элсэхээр ирж байгаа хүн бүрт үзэл баримтлалаа тодорхой тайлбарлан, ойлгуулж, санал нэгдэх, эсэхийг нь асууж байж шийдвэрээ гаргаж буйгаа санаачлагч Д.Амартүвшин ярьжээ.
Либертари үзэл гэж юу болох, чөлөөт зах зээл, төрийн оролцоо их байх нь яагаад буруу вэ, эрх чөлөөгөө хамгаалахын ач холбогдол гэх мэтээр дэлгэрэнгүй тайлбарлаж, таниулж байгаа гэнэ. Халамжийн бодлогыг дэмжихгүй, үүний оронд ажиллах таатай орчин, баялаг бүтээхийн төлөө ажиллана гэдгээ тайлбарлахад цөөнгүй хүн санал нийлэхгүй буцаж буй учир одоогоор 801 гишүүнийхээ тал хувийг л бүртгээд байгаа аж.
“Санал авахын төлөө ажилладаг биш, үзэл санаагаа чухалчилсан нам байх болно” хэмээн онцолж буй, 40-өөс доош насныхан нэгдсэн энэ нам холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд Дээд шүүхэд өгч, хуулийн хугацаанд бүртгүүлж амжвал ирэх сонгуульд оролцож, хүчтэй сөрөг хүчин байхын төлөө ажиллах гэнэ.