Манай улсын түүхэнд сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, мөн төрийн эрхийг барьж, барилцаж явсан ганц нам байдаг нь АН. Гэвч дотоод талцал, фракцуудынх нь зөрчил тус намыг сүүлийн найман жилийн турш үнэгүйдүүлж орхиод буй юм. 1990 онд үндэс сууриа тавьсан АН-ын буурин дээр 2000 онд Үндэсний ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны ардчилсан нам, Уламжлал сэргэн мандлын нам, Уламжлалын нэгдсэн нам нэгдсэн байдаг. Олон нам нэгдсэн учраас зөрчил, талцал ихтэй, ийш тийш харсан хэд хэдэн “толгой”-той явсаар иржээ. Тэр “толгой” тус бүр нь нэг “дэд нам” үүсгэж, намаа хагалах, дотроос нь бутаргах бэлэн бүтэц болж, гамшгийн хэмжээнд хүрээд буйг Э.Бат-Үүлээс эхлээд лидерүүд нь хэдэн жилийн өмнөөс л хэлдэг байлаа. Тус намын генсек асан Д.Дорлигжав 2016 онд нам фракцгүй байх тухай зохицуулалтыг Улс төрийн намын тухай хуульд оруулахаар төсөл санаачилж ч байв. Гэвч иймэрхүү оролдлого, санаачилга нь төдийлөн амжилтад хүрч байсангүй. Нөгөө талаар олон өөр үзэл бодлын талбар, ардчиллын нэг хэв маяг ч байж болох фракцын бүтэц нь Ардчилсан намыг илэрхийлэх онцлог болоод удлаа.
Энэ онцлогийнхоо “хохирогч” болж яваа АН ирэх сонгуульд амжилттай оролцож, унасан нэр хүндээ сэргээж чадах уу гэсэн хүлээлт бий. Учир нь төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд МАН-тай тулж чадах ганц нам нь хүссэн, хүсээгүй АН болоод буй юм.
...Албан тушаалын араас хөөцөлдөх биш, намаа сэргээх, шинэчлэх, хүчтэй сөрөг хүчин байх, ардчиллын суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах өөдрөг зорилготой хэмээн тодотгосон “Морьтон”, “Од”, “Хийморь”, “АН-чин”, “Монде” гэсэн улс төрийн клуб тус намд байгуулагджээ. “Монде” клубт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь тэргүүтэн багтаж буй бол“Од”-од Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нар байдаг гэнэ...
“АЛТАНГАДАС”-ААС “НЭГ АРДЧИЛАЛ” РУУ ЭРХ МЭДЭЛ ШИЛЖИВ ҮҮ
Ардчилсан намд “Алтангадас”, МоАХ, МҮДН, “Шонхор”, “Нэг ардчилал” зэрэг голлох хэдэн фракц бий. “Алтангадас”-ынхан нэг үе уг намд зүг чиг зааж, удирдах гол албан тушаалуудыг нь хашдаг байв. Тус фракцын төлөөлөл болох Н.Алтанхуяг 2012-2014 оны хооронд Ерөнхий сайд байж, намынхаа түүхэнд анх удаа Засгийн газраа хоёр жил гаруйн хугацаанд тогтвортой ажиллуулж чадсан. Олон тийш харсан, эрх мэдэл булаацалдсан фракцаа энэ эрхэм сайн зангидаж ажилласан тулдаа ийнхүү тэссэн хэрэг. Шуудайд хийсэн үхрийн эврийг үүнээс удаан тогтоох амаргүй байсан биз. Учир нь С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцынхан МАН-тай хамтраад түүний Засгийн газрыг огцруулсан түүхтэй. Ийнхүү албан тушаалын эрх мэдэл “Шонхор” фракцад шилжиж байв. Тэр үедээ фракцууд ээлжлэн “хоолонд орж”, баяр хөөртэй явсан ч 2016 оны сонгуулиар сонгогчид тус намд хариуг нь өгсөн юм. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ фракц АН-д нөлөөлөх байр суурьтай. Тиймдээ ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ эрхэм намаасаа тодрон нэр дэвшиж, бас ялж байв.
2016 оны сонгуулиас хойш АН нар өөд үзсэнгүй. Сүүлийн хоёр жил бүр булайгаа дэлгэж, тус тусын даргатай, хоёр хэсэг болж явав. Эрх ашгийн зөрчилтэй олон фракцынхаа тэмцлийн дүнд АН ийнхүү уруудсан ч сургамж авч завдаагүй л явна. Эцэст нь “Нэг ардчилал” фракцын төлөөлөл Л.Гантөмөрийг намын даргаараа баталгаажуулж, арай гэж нэг дээвэр дороо багтсан. АН-ын лидерүүдийн нэг, голлох тоглогч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Нэг ардчилал” фракцын ард бийгэдэг. Эдүгээ тус намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг “хашиж” буй Ч.Өнөрбаяр мөн л түүний хүн. Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр ажиллаж байхад тэрбээр зөвлөх нь байсан юм. Тэгэхээр түүний хүмүүс АН-ын гол удирдах албан тушаалд очсон байх нь. Фракц, клубүүдийн эрх ашигт нийцүүлж, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй ажиллахын тулд Л.Гантөмөрөөс их ур ухаан, тэсвэр тэвчээр шаардана. Хоёр тийш харсан намаа эвлүүлэхийн тулд фракцууд нь яриа тохиролцоо хийж байж түүнийг дарга болгосон нь мэдээж. Холимог тогтолцоогоор зохион байгуулах ирэх оны сонгуулиар аль фракцад хэдэн хүн нэр дэвшүүлэх квот олгох, намын жагсаалтад хэнийг оруулах вэ гэдгээс эхлээд түүний ажил ундарна.
ХЭН ГЕНСЕК БОЛОХ ВЭ
АН-ын генсек хэмээх албан тушаалын “бялуу”-г аль фракц авахыг УИХ-ын сонгуулиас өмнө шийдэх хэрэгтэй. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын алба одоогоор эзэнгүй байгаа юм. Намын даргын маргаан, тамга тэмдгийн асуудлаар Дээд шүүх рүү АН-аас илгээсэн албан бичгүүдэд Ч.Өнөрбаяр ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн бичсэн байдаг аж. Тэрбээр АН хоёр хуваагдсан байх үед М.Тулгат даргатай талынх нь генсек байсан билээ. Харин одоо тус намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэж буй гэнэ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) хуралдаж, намын ерөнхий нарийн бичгийн даргаа албан ёсоор сонгох учиртай юм байна.
ҮБХ-ны хурлыг наадмын өмнө буюу долдугаар сарын 8-нд товлож, дээрх асуудлыг шийдэх гэж байсан ч хойшилсон гэж зарим хэвлэлд мэдээлсэн байна билээ. Гэхдээ одоогоор тус хороо хэзээ хуралдах тухай албан ёсны тов гараагүй байна. Энэ сарын 5-нд АН-ын улс төрийн клубүүдийн “Grand meeting” зөвлөгөөн болж, намаа хэрхэн шинэчлэх, тулгарч буй бэрхшээлийг яаж даван туулах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Ардчилсан намын удирдлага, ҮБХ-ны болон УИХ-ын гишүүд, дунд шатны ИТХ-ын төлөөлөгчид, улс төрийн клубүүдэд харьяалал бүхий намын гишүүд нь уг арга хэмжээнд оролцсон юм билээ. Эл зөвлөгөөний өөр нэг зорилго нь генсект хэнийг зүтгүүлэх тухай яриа, тохироо хийх явдал байсан гэж буй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зүгээс Ч.Өнөрбаярыгаа зүтгүүлж, албажуулах сонирхлоо уг арга хэмжээгээр дамжуулан илэрхийлсэн гэсэн мэдээлэл ч гарч байна.
ШИНЭ КЛУБҮҮД БА НАЯАД ОНЫХОН
Фракц гэдэг үг клуб хэмээн “солигдсон” байгааг уншигчид анзаарсан байх. Албан тушаалын араас хөөцөлдөх биш, намаа сэргээх, шинэчлэх, хүчтэй сөрөг хүчин байх, ардчиллын суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах өөдрөг зорилготой хэмээн тодотгосон “Морьтон”, “Од”, “Хийморь”, “АН-чин”, “Монде” гэсэн улс төрийн клуб тус намд байгуулагджээ. “Монде” клубт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь тэргүүтэн багтаж буй бол “Од”-од Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нар байдаг гэнэ.
Өнөөг хүртэл АН-ыг сайн, муугийн алинд ч төлөөлж ирсэн лидерүүд нь 1950, 1960-аад оныхон байдаг. Л.Гантөмөр буюу 1970-аад оныхны төлөөлөл одоо л намын удирдлагад гарч ирж буй ч ах нараа “базах” хүч дутаж байна. Могойг гурав таславч гүрвэлийн чинээ гэдэг шиг улс төр, нам доторх нөлөө, байр сууриа тэд алдаагүй, харин ч алсаас удирдсан хэвээр байгаа юм. Үүнтэй зэрэгцээд 1980-аад оныхон ч шийдвэр гаргахад оролцмоор байгаагаа илэрхийлэх болов.
Тус намд олон нийтэд танигдсан, боловсролтой, чадвартай залуус бий. Тэд ч түрүүчээсээ ирэх сонгуульд бэлдээд эхэлжээ. Тухайлбал, АН-ын нарийн бичгийн дарга нарын нэг С.Эрдэнэболд УИХ-ын гишүүн Ц.Туваантай хамтран Төв аймагт “Шинэ эриний боловсрол” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгохоос эхлээд санхүүгийн боловсрол олгох цуврал сургалт, уулзалт хийж буй юм билээ. Тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан юм.
1980-аад оны залуусын жагсаалт Ц.Баатархүү, Ц.Жадамбаа гээд үргэлжилнэ. Мөн улстөрчдийн залгамж болох хүүхдүүд нь ирэх сонгуульд бас хүч үзэх биз. 2020 онд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын хүү, Р.Гончигдорж, Н.Батбаярын охин зэрэг АН-ын лидерийн “өв залгамжлагчид” сонгуульд нэр дэвшиж байсан. Хэний хүүхэд болж төрснөөрөө залуус ялгаварлагдах ёсгүй, гагцхүү мэдлэг, чадварыг нь үнэлж сонгох нь иргэдийн шийдэх асуудал.
Юутай ч залуус Ардчилсан намд шинэ салхи сэвэлзүүлж, унасан нэр хүндийг нь өргөх байх гэсэн найдвар бий. Тиймээс 1970, 1980-аад оны залуус ийнхүү фракц гэхээс илүү клуб нэршил дор нэгдэж эхэлсэн юм байна. Тэд хоорондоо толхилцох биш, хамтарч ажиллах уриалга дэвшүүлжээ.
Фракцтай байх нь тийм ч муу зүйл биш. Улс төрийн соёл төлөвшсөн, бодлого хэрэгжүүлдэг намтай улс орнуудад фракцууд эрүүл зарчмаар ажилладгаараа ялгагддаг. Тэд улс орны бодлого, хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлэх, нөлөөлөх замаар ажилладаг аж. АН-д бий болсон, залуусаас нь бүрдэж буй улс төрийн клубүүд өмнөх фракцуудынхаа зөвхөн эрх ашиг, албан тушаал хөөцөлдөж, хор найруулдаг байдлыг халж, ярьж буй шигээ эрүүл сэтгэн ажиллавал намаа амилуулах боломж бий. Мөн фракцын “хордлого”-оо тайлж чадна. Гурав дахь удаагаа тойргийн гадна үлдэж, сонгогчдод “жийгдэхгүйн” тулд том зорилго дороо нэгдэхээс өөр сонголт тэдэнд үгүй. “АН бүтэц, үйл ажиллагаанаасаа эхлээд үзэл санаа, хөгжлийн бодлого гээд бүх зүйлээ шинэчилж, дахин төрж байгаа” гэсэн үг нь фракцуудынхаа эрх ашигт дарагдчихгүй байгаасай гэж хүсье.