УИХ-ын хаврын чуулганаар хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг байнгын хороодоос танилцуулж эхэлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ хугацаанд нийт 19 удаа хуралдаж, 41 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд хууль 17, тогтоол 22 багтаж буй аж. Тэд хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий таван ажлын хэсэг байгуулан ажилласан байна.
Байнгын хороод хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Үүний хүрээнд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр нэг, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг хоёр удаа хийжээ. Мөн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан байна.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, тогтоолын төсөл, санал, дүгнэлт, бусад мэдээллийг УИХ-ын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах d.parliament.mn-д тус тус байршуулжээ.
Мөн Хууль зүйн байнгын хороо долоон хууль, 11 тогтоол хэлэлцүүлэн батлуулсан байна.