Холливудын жүжигчид сүүлийн 43 жилийн түүхэн дэх хамгийн том ажил хаялтад бэлтгэж эхэлжээ. Холливудын 160 мянган уран бүтээлчээс бүрдсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн 98 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна.
Кино жүжигчдийн эвлэл болон Кино, телевизийн продюсеруудын холбооны (AMPTP) хооронд болсон жүжигчдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах тухай хэлэлцээр амжилтгүй болсонтой холбогдуулан энэхүү ажил хаялтыг зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцээ 12 хоног үргэлжилсэн ч талууд тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Ажил хаялтаас болж шинэ төслүүдийн үйлдвэрлэл төдигүй аль хэдийн дэлгэцэнд гарахад бэлэн болсон уран бүтээлүүд мөн салбарын хамгийн том арга хэмжээ ёслолууд, тэр дундаа удахгүй болох 75 дахь “Эмми” ёслолын ажиллагаа тасалдахад хүрээд байна.
Энэ зуны хамгийн их хүлээгдэж буй кинонуудын нэг болох Кристофер Ноланы найруулсан "Оппенгеймер" киноны нээлтийн үеэр Циллиан Мерфи, Эмили Блант, Мэтт Дэймон зэрэг томоохон одууд ажил хаялт зарласан даруйд танхимыг орхин гарсан байна.
АНУ-д хэдэн зуун жүжигчид аль хэдийн Нью-Йорк, Лос Анжелес дахь кино студийн төв байрны гадаа жагсаж эхэлжээ.
Ажил хаялт эхэлсний дараа жүжигчид кино, телевизийн шоунд тоглохгүй, төслийн сурталчилгааны ажилд оролцохгүй аж.
Түүнчлэн уран бүтээлчид тухайн киноны талаар ярилцлага хийхгүй, олон нийтийн сүлжээнд нийтлэл оруулахгүй, киноны нээлт болон төсөл сурталчлах янз бүрийн арга хэмжээнд оролцохгүй юм байна.
Долдугаар сарын 14-наас эхлээд "Гладиатор 2" болон "Мортал Комбат" киноны хоёрдугаар хэсгийн ажил зогсох аж.
Жүжигчид цалингаа нэмэгдүүлж, стриминг үйлчилгээнээс олсон орлогын 2 хувийг олгохыг шаардаж байна.
Хуучирсан гэрээний нөхцлүүд, ажлын богино улирал, улирал хоорондох зай урт байгаа зэрэг нь олон жүжигчдийг дундаж давхаргын амьдралд үлдэхэд хүндрэлтэй богож байгааг эсэргүүцэгчид онцолж байна.
Эсэргүүцлийн бас нэг шалтгаан нь хиймэл оюун ухаан (AI) байсан - салбарын ажилтнууд технологи нь ихэнхийг нь орлож чадна гэж айж байгаа тул кино үйлдвэрлэлд хиймэл оюун ухааныг ашиглахыг де-факто хориглохыг шаардаж байна.
Эсэргүүцлийн бас нэг шалтгаан нь хиймэл оюун ухааныг кино уран бүтээлд ашиглахыг хориглохыг шаардаж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар уг ажил хаялтаас гарах эдийн засгийн хохирол асар их байх бөгөөд энтертайнментийн салбарыг тэр чигт нь өөрчилж магадгүй аж.
Зарим студийн удирдлагууд ажил хаялт намар хүртэл үргэлжилж магадгүй гэж таамаглаж байна.
Ийм тохиолдолд хохирол 4 тэрбум гаруй доллар болж магадгүй бөгөөд үр дагавар нь зөвхөн АНУ-д төдийгүй Их Британи, Австрали, Шинэ Зеланд болон бусад орнуудад нөлөөлөх гэнэ.