Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулж баталлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо 37 хүрсэн ч үнэндээ нэг нь л “ноёрхож” байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Ардчилсан нам МАН-ын дундуур “жийрэг” болж хоёр удаа олонхын суудлыг авч, сонгууль бүрээр гуравдагч хүчний 3-4 намын 2-3 төлөөлөл парламентад сонгогдохоос хэтэрсэнгүй явж ирэв. Харин сүүлийн хоёр сонгуулиар МАН үнэмлэхүй олонхын санал авснаар нэг намын тогтолцоо албан бусаар тогтсон гэхэд болно. Нэг намд төвлөрсөн энэ тогтолцоог задлах, “дагуул”-аас хэтрэхгүй намуудыг чадавхжуулах, төлөвшүүлэх, хариуцлагатай болгохын тулд санхүүжилттэй нь “тулж ажиллах”-аар дээрх хуульд тусгасан нь онцлог болж буй юм.
Улс төрийн намын тухай хууль (2005 он)
19 дүгээр зүйл. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг
19.1
УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ.
19.2
УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.
Улс төрийн намууд хуулийн этгээдээс хандив авах нэрээр “барьцаа”-нд ордог, парламентад төлөөлөлтэй болж чадвал тухайн байгууллагын эрх ашигт нийцүүлсэн төсөл санаачлан батлуулахаар лобби хийж, “өр”-өө төлдөг тухай яриа байдаг нь ч нууц биш.
НЭГ СОНГОГЧИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭГ 1000 ТӨГРӨГӨӨС 3850 БОЛГОЖ НЭМЖЭЭ
2005 онд шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу парламентад суудал авсан намуудад төрөөс хоёр төрлийн санхүүжилт олгож байсан билээ. Юуны өмнө сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулна. Улмаар нэг сонгогчийн саналыг 1000 төгрөгөөр тооцон санхүүжилт олгодог байсан бол шинэчлэн баталсан хуульд энэ үнэлгээг нэмэгдүүлжээ. Дундажлан тооцоход нэг сонгогчийн санал 3850 төгрөгтэй дүйхээр байгаа аж. Мөн УИХ-д авсан суудлын тоогоор тухайн намд санхүүжилт олгодог. Ингэхдээ нэг гишүүний суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцон улсын төсөвт суулгадаг. Энэ үнэлгээ шинэ хуульд хэвээр байгаа аж. Нэг гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс 40 сая төгрөг авдаг гэсэн үг. Гэхдээ уг мөнгөний 50 хувийг сонгогдсон тойрогтоо явуулах үйл ажиллагаанд зарцуулах хуультай.
УИХ-д суудалтай намуудад зориулан жил бүр дээрх хоёр төрлийн санхүүжилтэд улсын төсвөөс 4.5-4.9 орчим тэрбум төгрөг олгож ирсэн байна. Ирэх оноос эхлээд бид парламентад 126 гишүүн сонгоно. Тиймээс уг зардлын хэмжээ өсөж, 7.8 тэрбум төгрөг болно гэсэн тооцоо хийжээ.
КВОТООС ИЛҮҮ ТООНЫ ЭМЭГТЭЙ ДЭВШҮҮЛБЭЛ УРАМШУУЛАЛ ОЛГОНО
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу аливаа намаас тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсийн 30 хувиас багагүй нь аль нэг хүйсийнх байхаар болсон. Эмэгтэйчүүдэд 30 хувийн квот олголоо гэсэн үг. Гэхдээ энэ тооноос илүү эмэгтэй нэр дэвшүүлбэл тухайн намд төрөөс нэмэлт урамшуулал олгох аж. Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр олон давуу тал, үр дүн гардгийг дэлхийн лс оронд хүлээн зөвшөөрч, баталж буй. Мөн олон улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхэд ашигладаг нэг хөшүүрэг нь санхүүжилтийн ийм арга байдаг аж.
Манай улсад нийт нэр дэвшигчийнхээ 90 хувийг дан бүсгүйчүүдээс бүрдүүлэн өрсөлдөж байсан нам бий. 2012 оны сонгуулиар Иргэний хөдөлгөөний намаас тойрогт 20, жагсаалтаар 18 хүн нэр дэвшүүлсний 90 хувь нь эмэгтэй байв. Бүсгүйчүүдийн улс төрийн манлайллыг дэмжих зорилгоор тус намаас манай улсын түүхэнд анх удаа ийм зоригтой алхам хийсэн юм. Одоо тус намын идэвх суларсан ч бусдад нь шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд энэ жишгээр манлайлах, улмаар төрийн санхүүжилтийн бага боловч дэмжлэг авах боломж байна.
НЭГ ХУВИЙН БОСГО
Улс төрийн намын тухай хуульд санхүүжилттэй холбогдох хоёр төрлийн босго квот бий. Нийт саналаа өгсөн сонгогчийн дөрвөн хувийнх нь саналыг авсан нам парламентад жагсаалтаар гишүүнээ оруулах эрхтэй болно. Үүнийг уншигчид сайн мэдэж буй биз. 1.5 сая сонгогч саналаа өгнө гэж тооцвол 60 мянган хүний саналыг авч чадсан намд УИХ-ын хаалга нээгдэх юм байна. Өмнөх сонгуулиудаас харахад дөрвөөс дээш хувийн санал авдаг нам цөөн хэдий ч эг хувиар буулгаад буй нь энэ. Үүнээс гадна нийт сонгогчийн нэг хувийн санал авсан улс төрийн намд төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шинэ хуульд тусгажээ.
Холимог тогтолцоогоор зохион байгуулсан анхны сонгууль болох 2012 онд 11 нам, хоёр эвсэл оролцсон. Уг сонгуульд өрсөлдсөн бараг бүх нам 1500-гаас дээш сонгогчийн санал авч чаджээ. УИХ дээрх хуулийг батлахдаа тооцоолол болгосон ёсоор 1.5 сая сонгогч саналаа өгнө гэж үзвэл тэдний нэг хувь нь 1500 хүн байх юм. Тэгэхээр сонгуульд оролцсон намууд энэ босгыг даваад, төрөөс өгөх санхүүжилтээс хувь хүртэх боломжтой байх нь. 1500 хүний саналыг 3850 төгрөгөөр тооцвол 5.4 сая төгрөг болж байна. Санал хуваах болон өөр бусад “наймаа” хийгээгүй, бор зүрхээрээ оролцох намуудын хувьд төрийн хишгийг “Чамлахаар чанга атга” гээд хүлээж авах биз ээ.
СЕХ ХЯНАЛТ ТАВИНА
Төрийн санхүүжилтийн төрлийг ийнхүү нэмэгдүүлж, үнэлгээг бага зэрэг өсгөх замаар намуудыг цэгцлэх гэж оролдох нь. Олон улсад ийм жишгээр намыг төлөвшүүлдэг учраас судлаачид ч шинэчлэн баталсан хуульд харьцангуй ам сайтай байгаа. Харин санхүүжилттэй холбогддог нэг гол асуудал болох хяналтыг хэрхэн сайжруулах вэ. Намын санхүүжилтэд төрийн дэмжлэгээс гадна гишүүдийн татвар, иргэд, хуулийн этгээдийн хандив гол үүрэгтэй байдаг. Шинэчилсэн хуулиар хандивын хэмжээг нэмж, иргэнээс 6.6, хуулийн этгээдээс 27 сая хүртэл төгрөг авах боломжтой болгосон.
Энэ бүх санхүүжилтийг тухайн намын хяналтын байгууллага хянаж, жилд нэг удаа аудит хийлгэх үүрэг хүлээдэг байв. Нам өөрөө өөрийгөө хянах зохицуулалт тийм ч оновчтой биш. Тиймээс энэ удаагийн хуулиар хяналт тавих үүргийг СЕХ-нд оноогоод байгаа. Төрөөс олгох бүх санхүүжилт СЕХ-гоор дамжих юм билээ. Гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагааны орлоготой холбоотой зардлын тайлангаа намууд шилэн байдлаар олон нийтэд нээлттэй мэдээлэх үүрэг хүлээж . Үүнд ч мөн СЕХ хяналт тавина. Тайлангаа хоёр жил дараалан тавиагүй намыг идэвхгүй хэлбэрт шилжүүлэх буюу сонгуульд оролцох эрхийг нь хасахаар зохицуулсан. Ийнхүү хяналттай, ил тод болгосноор нам тойрсон элдэв асуудал намжиж, хариуцлага сайжирна гэж үзжээ.
Санхүүжилтээр дамжуулан улс төрийн бүх намд тэгш өрсөлдөх боломж олгон, бодлогын, хариуцлагатай болгохоос гадна парламентад олон намын төлөөлөл оруулах зорилготой. “Реформын чанартай” хэмээн тодотгож буй уг хуулиар дамжуулан төлөвшөөгүй намуудыг “төрийн хишиг”-ээр цэгцэлж чадах, эсэх нь ирэх сонгуулийн дараа илүү тодорхой болох биз ээ.