Аялал зугаалга, амралт, найр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ өдрүүдэд орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг нь хэвийн үзэгдэл болсон. Улсын их баяр наадмын олон хоногийн амралтаас урьтаж болон давхцуулан ээлжийн амралтаа авсан хүмүүс их хотын ачаалал, түгжрэлээс ангижирч, орон нутгийг зорих нь жил жилийн зуны хэвшмэл дүр зураг. Ингэж хотоос алсарч, хөдөөг зорьсон төмөр хүлэгтнүүдийн зарим нь өөрсдийн болчимгүй үйлдлээсээ, техникийн бүрэн бүтэн байдлаа хяналгүй замд гарснаас, эсвэл хөдөлгөөнд оролцохдоо гар утсаараа оролдох, гүйцэж түрүүлэх үйлдлийг дүрмийн дагуу хийгээгүйгээс болж зам, тээврийн осолд өртөн, хайртай гэр бүл, найз нөхдийнхөө эрүүл мэнд, амийг эрсдэлд оруулж байна. Монголчууд өөрсдийнхөө амь, эрүүл мэндийг золиод зогсохгүй, манай орны байгалийн сайхныг үзэж танилцахаар ирсэн гадаадын иргэдэд ч хохирол учруулах болов. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам-нэг соёл” нөлөөллийн аяныг зургадугаар сарын 30-наас наймдугаар сарын 18-ны хооронд орон даяар зохион байгуулж байна.
Зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд соёлтой оролцохыг олон нийтэд сурталчлах аяныг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол орон нутгийн замд гадаад, дотоодын олон иргэн осолдож байна. Засгийн газраас 2023 оныгМонголд зочлох жил болгон зарлаж, гадаадаас олон жуулчин хүлээн авч, утаагүй үйлдвэрлэлийн салбарын орлогыг эрс өсгөхөөр төлөвлөн тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж буй. Гэтэл манай жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс болж гадаадын жуулчид эрүүл мэндээрээ, эд хөрөнгөөрөө хохирох явдал гарч байна. Тухайлбал, манай зорилтот зах зээл болсон Солонгос улсын жуулчид сууж явсан “УАЗ-Фургон”-ыг Т.У гэх 46 настай эмэгтэйн жолоодож явсан “Тоёота вангуард” машин Төв аймгийн Аргалант сумын нутагт мөргөснөөс жолооч болон орчуулагч нь гэмтсэносол энэ сарын 1-нд гарсан. Жолооч эмэгтэй гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийж урсгал сөрснөөс болж энэ осол гарсан байгаа. Хэдийгээр солонгос жуулчид гэмтээгүй ч энэ ослоос үүдэлтэй таагүй сэтгэгдэл, дурсамжтай нутаг буцаж, Монголыг зорихоор төлөвлөж байсан бусдадаа нөлөөлж болиулах ч эрсдэл бий. Мөн Хан-Уул дүүргийн нутаг, Чингисийн өргөн чөлөөнд “Тоёота приус”-ийн жолооч 21 настай Д.Д гэх залуу Английн иргэнийг мөргөж гэмтээчихсэн.
Үүнээс өмнө зургадугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн замд Непал улсын 26 иргэн сууж явсан “Цэгц хөрөнгө” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, “Хьюндай юниверс” загварын автобус онхолдож, 40-43 настай гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэмтсэн билээ. Бүрэн бус, жолооны хүрд нь гацдаг тээврийн хэрэгслээр гадаадын иргэдийг тээвэрлэсэн энэ үйлдэл бол жолооч, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтнуудын хариуцлагагүй байдалтай холбоотой. Ослоос үүдэлтэйгээр гэмтсэн гадаадын иргэд асар их зардал гаргаж буй нь лавтай. Онгоцоор эх орон руугаа буцах зардал л гэхэд нэг хүнийхээр бус, багадаа гурван хүнийхээр тооцож төлбөр нь төлөгдөнө. Манай улсынэрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй учраас эмчилгээний зардал төлүүлэх учиртай. Энэ мэтээр Монголд зочилж, ахуй амьдралтай нь танилцах гэсэн биш эрүүл мэндээрээ хохирч, илүү зардал гаргаж байгаа юм. Тэдэнд мэдээж аяллын таагүй дурсамж л үлдэж, ойр тойрныхноо Монгол руу явахыг хориглох нь лавтай. Үүнээс шалтгаалж Монголд зочлох жилийн зорилго, зорилт хэрэгжихгүй, аялал жуулчлалын салбараас олох орлого тооцоолсондоо хүрэхгүй байх магадлал өндөр.
Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ гэхээр манай жолооч нарын хариуцлагагүй, соёлгүй, техникийн бүрэн бүтэн байдлаа нягталдаггүй зэрэгтэй шууд холбоотой. Тиймээс жолооч бүр орон нутгийн замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, соёлтой оролцож, ТЦА-наас хэрэгжүүлж буй “Нэг зам-нэг соёл” аяныг дэмжих учиртай билээ.