УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол оруулж ирснийг ахлагч, УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулсан. Төслийн 19 дүгээр зүйлд “Нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болно. Хорооны бүрэлдэхүүнд тавих шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн наймдугаар зүйл, намын дүрэмд нийцүүлнэ”, “УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.3- т заасныг баримталж, тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэнэ” гэсэн хэсэг нэмэх саналыг дэмжсэн. Мөн мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай бичгээр гэрээ байгуулж, заасан зориулалтын дагуу зарцуулах, хуулийн этгээд намд хандив өгсөн бол хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгах гэсэн агуулгатай хэсэг төслийн 34 дүгээр зүйлд нэмэх саналыг олонх дэмжлээ. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшөөрсөн бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Уг хуулийн төсөлтэй нийцүүлэх зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг шинээр боловсруулж, мөн анхны хэлэлцүүлгийг нь хийсэн. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.3-т “Улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байна” гэснийг “40 хувиас”, 8.4-т уг заалтын хэрэгжилтийг хоёр жил тутамд Жендерийн үндэсний хороонд тайлагнана гэснийг “жил тутам” гэж өөрчлөхөөр төсөл боловсруулсан юм байна. Улс төрийн намын дотоодод эмэгтэйчүүдийн төлөөлөл илүү өндөр байх нь зөв гэсэн агуулгаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 40 хувийн квот оруулсныг судлаачид “Нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон гол заалт” хэмээн үзэж байсан билээ.
Улмаар УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудыг баталгаажуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Улс төрийн намуудын бүртгэл, санхүүжилттэй холбоотой асуудлыг төсөлд бүрэн шийдэж чадаагүй байна. Санхүүжилтийн асуудлыг Дээд шүүх, СЕХ гээд хуваачихсан байх юм. Улс төрийн намуудтай холбоотой асуудлаас болоод Дээд шүүхийн нэр хүнд унаж, бие даасан байх ёстой байгууллага чинь МАН-аас хамааралтай болоод байна” гэв. Зарчмын зөрүүтэй саналыг баталгаажуулсны дараа хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.