Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д зургадугаар сарын 26-30-ны хооронд албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Цар тахлын дараах нөлөө, геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхийн эдийн засгийн төв Ази тив рүү шилжиж байна. Энэ шилжилтэд гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж эхэлсэн БНХАУ-д хийсэн уг айлчлалаас ямар үр дүн гарсан бэ. БНХАУ бол Монгол Улсын мөнхийн, бас хоёрхон хөршийн нэг. Урд хөршийн эдийн засгийн хөгжлийн “галт тэргэнд” бид “дайгдаж”, өгөөжөөс нь чадлынхаа хэрээр хүртэн, харилцан ашигтай хамтран ажиллах учиртай. Тиймээс Засгийн газрын тэргүүн энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нарт бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээ хийснээс гадна дийлэнх цаг хугацаагаа хувийн хэвшил болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хятадын томоохон компаниудын удирдлагатай уулзахад зориулсан юм.
Хилийн боомтуудын гарцыг нэмэгдүүлэх, үүний хүрээнд дэд бүтэц, төмөр замыг холбох асуудлыг шийдэх нь түүний айлчлалын гол зорилго байлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын гол яамдын сайд нар багтсан. Олон жилийн турш Монгол Улсад “хулхидуулж” залхсан урд хөршийн бизнес эрхлэгчид, томоохон хөрөнгө оруулагчдад Ерөнхий сайд “Манай Засгийн газар та бүхэнтэй харилцан ашигтай, урт хугацаанд, тогтвортой ажиллаж чадна гэдгээ нотлох болно” хэмээн итгэлтэй амласан нь онцлог байв. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь тэдгээр компанид зочлон, өмнө нь ойлгомжгүй байдал үүсгэн, шийдэл гаргахдаа удааж байсандаа хүлцэл өчин, одоо бүх талаар хурдтай, шийдэмгий ажиллана хэмээн амлахад ямар ч хөрөнгө оруулагчид найдвар төрөх биз ээ. “Засгийн газар хандлагаа өөрчилж байгаа” гэсэн Ерөнхий сайдын үгийг энэ үйлдэл нь нотолж буй юм. Айлчлалын үеэр дэд бүтэц, боомтын сэргэлттэй холбоотой манайхаас тавьсан саналуудыг Хятадын тал дэмжсэн нь гол үр дүн байв. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар“Боомтыг дагаад Улаанбаатарын олон асуудлыг шийднэ. Эдийн засаг хөгжих мөч айсуй” хэмээн тодорхойлсон.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОДНЫ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ИРЭХ ОНД ХОЛБОЖ ДУУСГАНА
Айлчлалын эхний өдөр Тяньжин хотод ажиллаж, боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсаас тэнд эзэмшдэг 10 га газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, тээвэр ложистикийн төв болгоход хамтран ажиллах саналыг “Тяньжин порт” группийн удирдлагад тавьсан юм. 10 гаруй жилийн өмнө тухайн үеийн Хятадын Засгийн газраас дээрх хэмжээний газрыг 50 жилийн хугацаатай ашиглах эрхийг манай талд олгосон аж. Гэвч манайх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шаардлагатай хөрөнгөө оруулаагүй учраас ажил ньгацсан байжээ. Энэ алдаагаа 2023 ондбагтаан засаж, тээвэр ложистикийн төвөө байгуулахаар талууд санал нэгдсэн байна. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга энэ талаар “Энэ 10 га газарт манай улсын гаднаас авч буй ачааг буулгаж, дамжуулна гэсэн буруу ойлголт гарсан байна. Бид эзэмшлийн газартаа тээвэр ложистикийн компани байгуулаад, үйл ажиллагаанаас нь ашиг олох юм. Монголын талаас хөрөнгө оруулалтаа хиймэгц гэрээнд гарын үсэг зурна, үүнээс хойш 50 жил бид уг газраа ашиглах эрхтэй болно” гэлээ.
Айлчлалын гурав дахь өдөр буюу зургадугаар сарын 28-нд Ерөнхий сайд “Чайна энержи” компанид зочлон, ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ тэргүүтэй удирдлагатай уулзсан. Боомтуудын төмөр замыг холбох ажлыг манай улс уг компанитай хамтран хийхээр сүүлийн 10 гаруй жилийн турш “ярилцаж” байгаа юм. Үнэндээ төмөр замыг холбох ажлыг манайх, танайх хийнэ, хийхгүй гэсэн “явган” маргааныг бид дотроо өрнүүлсээр цаг алдсан юм билээ. “Чайна энержи хөрөнгө оруулалтын групп” нь БНХАУ-ын нүүрс, эрчим хүч, тээвэр, химийн үйлдвэр зэрэг салбарт цогц үйл ажиллагаа явуулдаг, төрийн өмчит эрчим хүчний аж ахуйн нэгж аж. Хятадын 31 муж, өөртөө засах орон, хот болон АНУ, Канад зэрэг 10 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч бөгөөд дулаан, салхины эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрснээс нефть гарган авах нүүрс-химийн компани юм байна. Ийм компанийг манай улс 10 гаруй жил “хулхидаад” хашрааж орхисон байх нь. Өмнөх Засгийн газруудын удаан, ойлгомжгүй үйл ажиллагаанд Ерөнхий сайд уучлалт гуйж, улмаар ‘Чайна энержи’ компанийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ цаашид Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа давтан сануулсан юм. Үр дүнд нь дээрх боомтын төмөр замыг холбох ажлыг 2023 онд багтаан эхлүүлж, ирэх онд дуусгахаар тохиролцов.
Мөн Ханги-Мандал, Шивээ хүрэнгийн төмөр замыг холбож дуусгах, Бичигтийн төслийг эхлүүлэх, эрчим хүчний чиглэлээр Эрдэнэ бүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг энэ ондоо багтааж дуусгах, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах талаар ч ярилцжээ. Манай талаас зарим боомтын төмөр замыг түрүүлж холбох санал тавьсан ч БНХАУ-ын зүгээс олон жил ярьсан Гашуун сухайтын боомтыг эхэлж дуусгая гэсэн байна. Хилийн боомтуудын төмөр замыг холбох ажлаас гадна Алтанбулаг, Замын-Үүдийн төмөр замыг хос болгох, цаашдаа нарийн царигтай төмөр зам барих чиглэлээр ч хэлцэл хийжээ. Мөн Монголын талаас олон жилийн турш Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулах хүсэлт тавьсаар ирсэн бөгөөд энэ удаа зөвшөөрсөн хариу авч чадав. БНХАУ 300 орчим боомттой ч 24 цагаар ажилладаг нь бараг байхгүй. Гэхдээ манай талаас олон жил тавьсан хүсэлтийг энэ удаагийн айлчлалаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь нэг том амжилт боллоо. Одоо хоёр талаас ажлын хэсэг байгуулж, бэлтгэл хангах зэрэгт тодорхой хугацаа зарцуулах юм билээ.
Энэ бүх яриа хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай үдээс хойш нь Ардын Их Хурлын ордонд уулзахдаа баталгаажуулсан юм. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, олон жил ярьсан дээрх төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд санал нэгдэв. Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд ярьсан асуудлаар Засгийн газар хоорондын комисс ажиллаж, дэд ажлын хэсгүүд байгуулахаар болсон. Энэ үеэр хоёр талын холбогдох албан тушаалтнууд олон улсын автотээврийн харилцаа, говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт, төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг хэлэлцээр, ноолуур экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.
“ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ 20 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭХЭД ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮҮРЭГ ИХ”
Айлчлалын үеэр Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг МҮХАҮТ-аас зохион байгуулсан. Форумд Хятадын талаас сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 350 аж ахуйн нэгж, манай талаас 150 орчим байгууллагын төлөөлөл оролцсон юм. Ерөнхий сайд уг арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Айлчлалын эхэнд “Зуны Давос”-т идэвхтэй оролцлоо. Ази руу чиглэсэн эдийн засгийн том давлагаа, өсөлтийн циклд бид хүний нөөц, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, засаглал, технологийн дэвшил, дэд бүтэц, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн хувьд бэлэн үү гэдгээ асуух ёстой. БНХАУ зөвхөн Азийн бус, дэлхийн эдийн засгийн голлох тоглогч, хөдөлгөгч хүч болж байна. Мөнхийн хөршийн хувьд бид биенээ дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хөгжих ёстой. Энэ хөгжил дэлхийд жишиг болохуйц байх учиртай. Хятадын үндэсний газрын тосны корпорац “Power China”, дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон групп болох “Норинко” зэрэг компанийн удирдлагатай уулзаж, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчинтой холбоотой бусад асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой, идэвхтэй түншлэн ажиллах боломжийг тогтолцооны хувьд нээхийн тулд бид үе шаттай ажил хийж байгаа.
Энэ бүхэн хөрөнгө оруулагчид та бүхэнд ил тод нөхцөл байдал, нээлттэй орчин, харилцан итгэл, хамтын ажиллагаа бий болгож чадна гэж итгэж байна. “Зуны Давос”-ын үеэр улс орны удирдлагууд цар тахлын болон геополитикийн нөхцөл байдлаас болж алдаж болзошгүй байгаа 10 жилийн талаар ярилцсан. Дэлхий нийт хуваагдмал байгаа нь олон улсын эдийн засаг, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна. Цар тахал, олон улсын геополитикийн хямралт байдал өнөөдөр ч үргэлжилсээр буй. Геополитикийн сөргөлдөөн, эдийн засгийн хямралыг хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид та бид нэгдэж байж засна. Монгол, Хятадын худалдааны эргэлт өнөөдөр долоон тэрбум ам.доллар байна. Үүнийг 20 тэрбум ам.долларт хүргэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын үүрэг маш чухал. Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үндсэн зарчим нь аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтцийг бий болгоход оршино. Тиймээс итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн болон институцийн реформыг хийсээр байгаа. Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай нийт 7500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Бид хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхой болгож, тогтвортой, тууштай байж, эдийн засаг болон хөгжлийн асуудлуудаа нэг цонхоор харилцах томоохон тогтолцоог цаашид бүрдүүлнэ. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нуруун дээр улс орны хөгжил тогтдог. Тиймээс төр засаг дэмжиж, макро тэнцвэрийг хангахын төлөө хичээх болно” гээд хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад урьсан. Энэ өдөр Ерөнхий сайдын төрсөн өдөр давхацсан бөгөөд олон жил гацсан төслүүдээ урагшлуулах шийдэлд хүрсэн, хамгийн дурсамжтай өдөр байлаа хэмээн онцлов.
Эдийн засгийн форумын үеэр нийт 50-иад аж ахуйн нэгжийн хооронд гурван тэрбум гаруй юанийн хамтын ажиллагаа, шууд хөрөнгө оруулалтын талаар ярилцжээ.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД СОНИРХОЖ БАЙНА
Манай улс жилд 31 сая тонн нүүрс экспортолж буй бөгөөд энэ хэмжээг 40-70 сая тонн болгохыг зорьж байгаа билээ. Мөн гол худалдан авагч нь БНХАУ. Гэвч тус улс 2030 оноос нүүрсийг эрчим хүч гаргаж авахад ашиглахаа зогсоохоо мэдэгдсэн. Тиймээс бид хилийн боомтуудын төмөр замаа хурдан холбож, жилд аль болох их хэмжээний нүүрс экспортолж амжих шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна зөвхөн нүүрсэнд найдах биш, дэлхий нийттэй хөл нийлүүлж, сэргээгдэх эрчим хүч болох нар, салхины хүчийг ашиглахад анхаарах учиртай. Айлчлалын үеэр Хятадын талаас ч үүнийг сануулж байв. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний нийт нөөц гурван ТВт аж. БНХАУ-ын компаниудын зүгээс ч энэ салбарт хөрөнгө оруулах сонирхлоо дээрх форумын үеэр илэрхийлсэн юм. Сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засагт анхаарч эхэлсэн энэ цаг үед бид уг салбартаа санхүүжилт татах нь чухал. Мөн дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна Азийн бусад улсад экспортлох боломжтой юм байна. Олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү энэ талаар “Хятад улс ногоон эрчим хүчийг сонгож байна. 2030 оноос хойш нүүрсийг эрчим хүчинд ашиглахаа болино. Хүлэмжийн хийг багасгахын тулд хүн төрөлхтөн ногоон эрчим хүч ашиглаж эхэлсэн. Тиймээс бидэнд нүүрсээ экспортлох долоон жилийн хугацаа л үлдлээ. Эрчим хүчний хэрэгцээгээ хэрхэн шийдэхэд бид анхаарч, Хятадтай хамтран ажиллах тухай энэ удаагийн айлчлалаар ярьж байна. Энэ утгаараа уг айлчлалыг “эрчим хүчний” гэж тодотгохоор байгаа юм” гэлээ.
“ПАН ЧАЙНА” УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ
1992 онд байгуулагдсан, сүүлийн 30 жилийн турш БНХАУ-ын хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшин ажиллаж буй “Пан чайна” группийн үйл ажиллагаатай хэвлэлийнхэн танилцсан юм. Олон том бүтээн байгуулалтыг хийсэн туршлагатай, 12 улсад түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр төсөл хэрэгжүүлсэн тус группийнхэн өөрсдийн зардлаар Улаанбаатар хотын төлөвлөлт, түгжрэлийн шалтгааныг судалсан юм билээ. Тэд гарц шийдлийг олсон учраас манай улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж, асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ тавьсан байна.
Сүүлийн 40 жилд Хятад улс аж үйлдвэрээс хотжилт, хотжилтоос аж үйлдвэр гэсэн чиглэлээр хөгжсөн байдаг аж. БНХАУ-ын хотжих явцыг 1978 оноос өнөөг хүртэл дөрвөн хэсэгт хуваан авч үздэг юм байна. Аж үйлдвэржилт, түүнийг дагасан суурьшлын бүс нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн хувьд уялдаатай бодлого явуулах нь чухал. Хүн амын өсөлтөд суурилсан ажлын байрыг төлөвлөх ёстойг тус группийн ТУЗ-ийн дарга хэлсэн юм. Төгс хот бий болгоход зөв бодлого, төлөвлөлт, бүтээн байгуулалт, аж үйлдвэр хөгжүүлэх, үүнд шаардагдах хөрөнгийг босгох нь чухал байдгийг тэрбээр сануулсан.
Тус группийн удирдлагатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн уулзсан юм. Тэрбээр энэ талаар “Тус компанийнхантай ойлголтын зөрүү гарснаас үүдэн хүсэлтийг нь хүлээж авалгүй удсан юм билээ. Одоо ойлголтоо нэг болгосон. Бид мөн айлчлалын үеэр Хятадын төрийн өмчит, төлөвлөлт бүтээн байгуулалтын “China communication construction”-тай хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Улаанбаатарын эхний метрог барих ажил болон гол дагасан эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр хамтарна. Улаанбаатар хот олон голын уулзвар дээр байдаг. Тиймээс гол дагасан эдийн засгийг хөгжүүлэх замаар хот төлөвлөлтийн шинэчлэлийг хийнэ” гэв.
АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
БНХАУ дахь албан ёсны айлчлалынхаа сүүлийн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жөжян мужийн Нинбо хотод зочилж, “Нинбо Жинтянь” зэсийн, “Нинбо гангийн үйлдвэр”, “Консайни групп”-ийн үйл ажиллагаатай танилцав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Тиймээс тус мужийн удирдлагатай уулзаж, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, гангийн үйлдвэр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. БНХАУ-ын Жөжян мужтай аж үйлдвэр, эрчим хүч, хот төлөвлөлт, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах боломжтойгоо Ерөнхий сайд илэрхийлжээ.
17 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар байгуулсан “Нинбо гангийн үйлдвэр” нь жилд дөрвөн сая тонн ган төмөр бэлдэц үйлдвэрлэдэг. Баруун талаараа дэлхийд алдартай Бейлун гүний усан боомттой залгадаг тул энэхүү боомтод тулгуурлан төмрийн хүдэр болон бусад түүхий эдийг буулгах талбай байгуулсан нь тээвэр ложистик болон газар зүйн давуу байдлыг үүсгэсэн аж. “Нинбо Жинтянь зэс үйлдвэрлэл” ХХК нь инбо хотод төвтэй, Нинбо, Жянсу, Гуандун, Чунцин, Бугат болон Вьетнам улсад үйлдвэрлэлийн долоон бааз, 46 салбар компани, 8000 гаруй ажилтантай, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ болон бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэлээр өрсөлдөх давуу талаа бий болгожээ. Тус компанийн үйлдвэрлэлийн хэмжээ 2022 онд 1.75 сая тонн, борлуулалтын нийт орлого 134.6 тэрбум юаньд хүрч, Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн 96-д жагссан байна.
“Консайни групп” нь Хятад улсын ноолууран утас экспортлогч хамгийн том компани бөгөөд ноолуур болон ноолууран утас зэрэг байгалийн цэвэр түүхий эдэд суурилсан 10 000 орчим тонн өндөр зэрэглэлийн утас, 3000 гаруй тонн 100 хувийн ноолууран утас (түүний 10-30 хувь нь Монголын ноолуур) үйлдвэрлэж борлуулдаг нь дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн 20 орчим хувийг эзэлдэг юм байна. Сүүлийн жилүүдэд “Консайни групп” нь үйлдвэрлэлийн процессдоо дижитал ихэр технологийг нэвтрүүлж, дэлхийн анхны ухаалаг, дижитал, хүний оролцоогүй үйлдвэр байгуулжээ.