ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 26-нд иргэддээ хандан үг хэлэхдээ өнгөрсөн бямба гарагт болсон “Вагнерын” зэвсэгт бослогын талаар дүгнэв.
Ерөнхийлөгч Оросын иргэдийн эв нэгдэл, тэсвэр хатуужил, эх оронч сэтгэлгээнд талархал илэрхийлэв. Энэхүү иргэний эв нэгдэл нь аливаа сүрдүүлэг, үймээн самуун үүсгэх оролдлого бүтэлгүйтдэг гэдгийг харууллаа гэж тэрбээр онцолжээ.
Үйл явдлын эхэнд л үүссэн аюулыг саармагжуулах, үндсэн хуулийн тогтолцоо, Оросын иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх шийдвэрийг нэн даруй гаргасан гэж төрийн тэргүүн тэмдэглэв.
“Зэвсэгт бослогыг ямар ч нөхцөлд дарах байсан. Бослогыг зохион байгуулагчид бодит байдлыг ухах чадваргүй байсан ч үүнийг ойлгохгүй байна гэж үгүй. Тэд бүгдийг ойлгож байсан. Тэр дундаа гаднын асар том аюул заналхийлэл, урьд өмнө хэзээ ч байгаагүй дарамт шахалттай нүүр тулж байгаа улс орныг хагалан бутаргах, сулруулах зорилгоор гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийсэн” гэж Путин дүгнэжээ.
Оросын удирдагчийн хэлснээр, бослогыг зохион байгуулагчид эх орон, ард түмнээсээ урваад зогсохгүй гэмт хэрэгт татан оролцуулсан хүмүүсээсээ ч урваж, худал хэлж, ах дүүсийнх нь эсрэг сумны өөдөөс түлхсэн байна.
“Үүнийг Оросын дайснууд, Киевийн неонацистууд болон тэдний барууны ивээн тэтгэгчид, үндэсний урвагчдын хүсэн хүлээж байсан зүйл юм. Оросын цэргүүд бие биенээ алж, цэргийн албан хаагчид болон энгийн иргэд амиа алдахыг л тэд хүссэн" гэж Ерөнхийлөгч тэмдэглэв.
Путин босогчдын эсрэг зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч, ард түмэндээ үнэнч байсан цэрэг, хууль сахиулах байгууллага, тусгай албаныханд талархал илэрхийлэв.
“Амиа өргөсөн баатар нисгэгчдийн эр зориг Оросыг эмгэнэлт, сүйрлийн үр дагавраас аварсан. Үүний зэрэгцээ “Вагнерын” бүлэглэлийн дайчид, командлалын дийлэнх олонх ард түмэн, төр улсдаа үнэнч Оросын эх орончид гэдгийг бид мэднэ, мэдэж ч байсан " гэж тэрбээр хэлжээ.
Үүнээс гадна Оросын төрийн тэргүүн цорын ганц зөв шийдвэр болох ах дүүгийн хооронд цус урсгаагүй “Вагнер” бүлэглэлийн ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлжээ..
Тэдэнд Батлан хамгаалах яам болон бусад хууль сахиулах байгууллагатай гэрээ байгуулснаар ОХУ-д үргэлжлүүлэн цэргийн албыг хаах эсвэл төрөл төрөгсөд, найз нөхдөдөө буцаж очих боломж байгааг Путин онцлон тэмдэглэв.
"Хүссэн хүн Беларусь руу явж болно. Миний өгсөн амлалт биелнэ. Дахин хэлье, таны сонголт. Гэхдээ энэ нь эмгэнэлт алдаагаа ойлгосон Оросын цэргүүдийн сонголт байх болно гэдэгт би итгэлтэй байна" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Төгсгөлд нь Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд оруулсан хүчин чармайлт, хувь нэмэрт талархал илэрхийлжээ
6-р сарын 24-нд “Вагнер” хувийн зэвсэгт хүчний удирдлага бослого гаргах оролдлогын үеэр Ерөнхийлөгч В.Путин Оросын ард түмэнд хандан, улс орноо хамгаалахын тулд бүх зүйлийг хийхээ амласан юм. Тэрээр босогчид зайлшгүй шийтгэл хүлээх болно гэдгийг анхааруулсан билээ.
Мөн өдөр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын төрийн тэгүүнтэй зөвшилцсөний дагуу “Вагнерын” удирдлагатай хэлэлцээ хийн "Оросын нутаг дэвсгэрт цуст аллага" явуулах нь байж боломгүй гэдэг дээр тохиролцсон аж. “Вагнерын” ажилтнуудын аюулгүй байдлын баталгаатай нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд хүлээн зөвшөөрөгдсөн хувилбарыг сонгосон байна.