УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэж, гишүүдийн 57.8 хувийн саналаар дэмжлээ.
Уул уурхайн салбараас голлон хамаарсан эдийн засагтай манай улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр монгол өв соёлоо дэлхийд сурталчлахаас гадна том зах зээлээс “мөнгө босгох” боломжтой гэж үзсэн байна. Өрсөлдөх чадвартай, олон тулгуурт, тогтвортой эдийн засагтай байхын тулд тус салбарыг тусгайлан дэмжих нь зөв хэмээн үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ. Ийм замаар эдийн засгаа дэмжиж, улс орноо сурталчлах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх юм.
ЮНЕСКО-гийн 2018 оны тайланд дурдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэл нь жил бүр 2.2 их наяд ам.долларын орлого олж, дэлхий даяар 30 сая хүнийг ажлын байраар ханган, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, экспортын нийт орлого нь 253 тэрбум “ногоон”-дхүрч буй аж. 2020 оны байдлаар дэлхийн нүүрсний экспортын хэмжээ 78.4 тэрбум ам.доллар байхад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар үүнээс 6.4 дахин их буюу 500 тэрбум ам.долларын орлого олсон байна. Соёлын яамнаас хийсэн суурь судалгаанаар манай улсын хувьд тус салбарт 11 697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс 5665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, 33 931 хүн ажиллан, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлжээ. Эдгээрийн ихэнх нь жижиг, дунд үйлдвэрлэгч юм байна.
Төслийг хэлэлцэх үед уг салбарыг дэмжих зорилгоор томоохон цогцолбор байгуулах, барих газрыг тусгай хэрэгцээнд оруулах, 15-18 насны хүүхдүүдэд урлаг, соёлын арга хэмжээнд хамрагдах эрхийн бичиг олгохтой холбоотой хэсгийг гишүүд онцолж асуув. Газрын төлбөрөөс хөнгөлнө үү гэхээс тусгай хэрэгцээнд авах ёсгүй гэж Ц.Мөнх-Оргил гишүүн сануулсан. Мөн хүүхдүүдэд эрхийн бичиг хэвлэж, зардал гаргахын оронд иргэний үнэмлэх, гэрчилгээгээ үзүүлээд үнэгүй үйлчлүүлэх боломж олгож болно гэв. Соёлын сайд Ч.Номин “Төрийн өмчийн байгууллагын бүтээлийг үнэгүй үзүүлж болно. Гэвч хувийн хэвшлийн олон арга хэмжээ бас бий, түүнд өсвөр насны хүүхдүүд санхүүгийн байдлаас болоод хангалттай хамрагдаж чаддаггүй. Хувийн хэвшлээ дэмжих, урлагийг үнэлэх ёстой гэдэг ойлголт суулгахын тулд ийм эрхийн бичиг олгох зохицуулалт оруулсан” гэв. Үүнд хамруулах 176 мянган өсвөр насныхан байгаа аж.
11 мянга гаруй байгууллагыг бүгдийг хамруулах биш, бүтээлч үйлдвэрлэл явуулж байгаа хэдийг нь онцлох хэрэгтэй биш үү гэсэн Г.Ганболд гишүүний асуултад сайд “Бүтээлч үйлдвэрлэлийг ЮНЕСКО-гоос тодорхойлсон 12 чиглэл болон улсынхаа онцлогт нийцүүлэн төслийг боловсруулсан. 12 салбар, 93 чиглэлээсээ гадна тэргүүлэх зургаан салбарыг онцолж үзсэн байгаа” гэлээ.
С.Одонтуяа гишүүн “Олон улсад мөнгө олох арга өөр болсон. БНСУ-ын BTS хамтлаг улс орноо дэлхийд сурталчилж, манай экспортод гаргасан нүүрснээс давсан орлогыг нэг цаг дуулаад олж байна шүү дээ. Бид хэтэрхий хоцрогдсон байна. Соёл урлаг, өвөө дэлхийд сурталчлах олон боломж бий. Зоригтой ажиллах хэрэгтэй” гэлээ. Аялал жуулчлалыг дэмжихийн тулд дэд бүтэц, кластер хэрэгтэй, нутгийн онцлогт суурилсан өв соёлын цогцолбор байгуулах, Монгол түмний гал голомт учраас Өвөр монголоос илүү гарсан хэмжээнд үндэсний соёлоо сурталчлах ёстой гэсэн саналыг Ж.Сүхбаатар гишүүн хэлэв. Гишүүд энэ үеэр“Хү” хамтлагийг жишээ болгон ярьж байсан юм. Соёл урлагаар дамжуулан улсаа сурталчлах чиглэлээр Соёлын яам ГХЯ-тай хамтран ажиллаж байгаа гэнэ.