Титаникийн живсэн газарт жуулчдыг хүргэж өгдөг шумбагч онгоц Атлантын далайд сураггүй алга болжээ. Энэ тухай ВВС мэдээлэв.
Онгоцонд хөлгийн жолооч, гурван жуулчин, хөтөч гэсэн таван хүн байсан бөгөөд аврагчид шумбагч онгоцыг хайж байгаа талаар АНУ-ын Бостон хотын далайн эргийн хамгаалалтын албаныхан тус агентлагт хэлжээ.
Сураггүй болсон шумбагч онгоцыг эзэмшдэг “OceanGate Expeditions” компани мэдэгдэлдээ "Бидний бүх анхаарал багийн гишүүд болон тэдний гэр бүлийнхэнд чиглэж байна" гэжээ.
Эрлийн ажиллагаанд хэд хэдэн төрийн байгууллага, хувийн компаниуд оролцож байгаа аж.
АНУ-ын эргийн хамгаалалтын алба ням гарагийн өглөө шумбагч онгоцтой холбоо тасарсан тухай твиттер хуудсандаа бичжээ. Энэ үед онгоц далай руу ороод нэг цаг 45 минут болсон байж.
Сураггүй болсон онгоцонд 70-96 цагийн хүчилтөрөгч үлдсэн гэж АНУ-ын эргийн хамгаалалтын цэргийн адмирал Жон Маугер даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.
Онгоцонд байсан хүмүүсийн нэрийг одоогоор зарлаагүй байна. Гэхдээ тэдний дунд 59 настай Британийн тэрбумтан, судлаач Хамиш Хардинг байсныг түүний гэр бүл нотолжээ.
Титаникийг жуулчдад үзүүлэхээр далай руу шумбадаг эл онгоц нь 10 432 кг жинтэй бөгөөд 4,000 метрийн гүн хүртэл шумбах чадвартай гэж үйлдвэрлэгчийн цахим хуудсанд бичжээ. Мөн багийн таван гишүүний амин үзүүлэлтийг 96 цагийн турш тэтгэх чадвартай гэнэ.
2021, 2022 онуудад живсэн Титаник рүү хийсэн судалгааны аялал амжилттай болсны дараа ийм төрлийн жуулчлалын аяллыг жил бүр үргэлжлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа эл онгоцыг бүтээдэг компани өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.
Живсэн Титаник усан онгоц Канадын зүүн хойд хэсэгт орших Ньюфаундленд арлаас 600 км-ийн зайд Атлантын далайд 3.8 мянган метрийн гүнд байдаг
Энэхүү зорчигч тээврийн онгоц нь тухайн үеийн хамгийн том хөлөг онгоц байсан бөгөөд 1912 онд тэрээр Саутхэмптоноос Нью Йорк руу гарсан анхны аяллынхаа үеэр мөсөн уултай мөргөлдсөн юм. Онгоцонд байсан 2200 зорчигч болон багийн гишүүдийн 1500 гаруй нь нас баржээ.
Титаникийг 1985 онд илрүүлсэн бөгөөд тэр цагаас хойш идэвхтэй судалж байгаа аж.