Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2 удаагийн хээрийн гал түймэр гарсанаас одоогийн байдлаар Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багт хээрийн түймэр гарсан. Зүүн бүсийн гал унтраах аврах анги, хилийн цэргийн нийт 217 хүн, 27 автомашинтайгаар түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж байна.
Энэ үеэр Хилийн дугаар ангийн офицер, ахлагч, цэрэг гэх мэт нийт 8 алба хаагч түймрийг унтраах явцад түлэгджээ. Мөн дээрх түймэрт урьдчилсан байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртөөд байна.
Иймд Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхээр ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ-ын эрүүл мэндийн албаны дарга, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй Дорнод аймгийн Чулуунхороот сумын чиглэлд нисэхээр бэлдэж байна. Мөн дээрх түймэрт өртсөн айл өрхүүдэд тусламж болгож 20 гэрийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.