Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Ж.Вердийн алдарт бүтээл "Макбет" дуурийг олны хүртээл болгоход бэлэн болжээ. Эл дуурьд нөхөрлөлийн үнэ цэн гэж юу вэ, нөхөрлөл хаана хүрээд дуусаж болох вэ гэдгийг өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, дуурь хайр дурлалгүйгээр өрнөж болохыг "Макбет" дуурь харуулах юм. Эл дуурь маш их ур чадвар, чадал чансаа шаарддаг. Тиймийн учир дэлхийн театр болгон "Макбет"-ийг зориглож барьж авдаггүй. Дэлхийн тун цөөхөн теарт эл дуурийг найруулан, олны хүртээл болгосон. Харин Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага залуу уран бүтээлчдийнхээ чансааг сорихоор эл бүтээл дээр ажиллаж эхэлсэн гэнэ. Улмаар бэлтгэл ажил, сургуулилалтаа дуусаж, Итали улсын удирдаач Степано Торболи, Ардын уран зохиолч Д.Урианхай, Ардын жүжигчин А.Долгор, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Жанцанноров зэрэг алдартнуудын шалгуураар оруулж, шүүн тунгаалгасан гэнэ. Нэг ёсондоо сорилтоо даван туулж чадсан бөгөөд өдгөө үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
"Макбет" дуурийн нээлт 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-нд болно. Энэхүү дуурийг Олон улсын "И Эс Эм" сургууль ивээн тэтгэн хамтран ажиллаж буй. Тус дуурийн найруулагчаар УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга, удирдаачаар Итали улсын удирдаач Степано Торболи, дуурийн ерөнхий хормейстерээр ДБЭТ-ын хормейстер Н.Дашбямба, хормейстр Д.Отгонбаатар, бүжгийн найруулагчаар ДБЭТ-ын уран сайхны удирдагч, ерөнхий балетмейстр СТА Д.Дашлхагва, төгөлдөр хуурчаар МУГЖ Б.Солонго, ДБЭТ-ын концертмейстр Б.Оюунгэрэл, Э. Намуун, СТА Х.Уртнасан, ДБЭТ-ын гоцлол дуучид, симфони найрал хөгжимчид, найрал дуучид, балетын жүжигчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна. УДБЭТ-ын ерөнхий найруулагчийн тухайд С.Баттулга ОХУ-ын алдарт ГИТИС-ийн оюутан. Театрын хөгжлийн найруулагчийн мэргэжлээр суралцаж буй тэрбээр ирэх долдугаар сард дипломоо хамгаалах гэнэ.
Түүнээс өмнө 1992 онд ГИТИС-ийг Гавьяат Г.Эрдэнэбаатар төгсөж байжээ. Түүний залгамж халаа болж С.Баттулга Б.Мэндсайхан нар өнөө жил ГИТИС-ийг төгсөнө. Ж.Вердийн "Макбет" дуурь дөрвөн бүлэгтэй. У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг. У.Шекспирийн "Макбет" зохиолоор дуурь, жүжиг, кино хүртэл хийсэн байдаг. Бодит явдлаас сэдэвлэн бичсэн эл зохиол хүн төрөлхтөнд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдлийг эрэлхийлсэн хүний бие махбодь, сэтгэл зүйд ямар хор уршигтайг ухааруулснаараа үнэ цэнтэй бүтээл болсон үздэг. Анх 1847 оны гуравдугаар сарын 14-нд Делла Пергола театрынхан эл дуурийг олны хүртээл болгож, маш их амжилтад хүрч байжээ. Ийнхүү УДБЭТ-ийн уран бүтээлийн сан нэгээр нэмэгдэж, Шотландад тэртээ XI зуунд болсон үйл явдлыг өнөөгийн бидэнд дэлгэн харуулж, олны сонорыг мялаахад бэлэн болжээ. Аа тийм дуурийг олны хүртээл болгоход ESM буюу “Инглиш скүүл оф Монголиа” сургуулийнхан хамтран ажиллаж ивээн тэтгэсэн гэсэн.