Хатагтай Макбет, жанжин Макбет нарын дүрүүдийг амилуулах гэж буй дуурийн гоцлооч Б.Энхнаран, Л.Бүүвэйбаатар, Э.Бумхүү нар
Дуурийн театрын тайзны хамгийн эхний, хээтэй улаан хүрэн, зөөлөн хэмээн ялгаж хэлдэг хөшигний наагуур дуурийн найрал дуучид хоёр эгнээ болон зогсоод дуулж байна. Эхний эгнээний голд гоцлол дуучид суужээ. Тэд найрал хөгжимчид суудаг “нүх”-нээс дээхнэ байрласан гэсэн үг юм. Итали маэстро удирдан дуулуулсаар. Тэрбээр байсхийгээд дуучдыг, хөгжимчдийг ч зогсоож, алдааг нь засаж өгнө. Театрын дуучид түүний италиар ч, англиар ч ярихыг ихэвчлэн ойлгох аж. Заримдаа болохоо байхаар нь оркестрын хөгжимчид дундаас нэгэн бүсгүй торох юмгүй орчуулж өгөх юм. Тэр чухам ямар зэмсгээр тоглодог хэн болохыг мэдсэнгүй.
ДБЭТ энэ сарын 29-нд суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Макбет” дуурийг анхлан үзэгчдэд хүргэхээр бэлтгэж буй юм. Сургуулилалт эхлээд удсан. Дуурийн гоцлоочид, хөгжимчид, найрал дуучид тус тусдаа бэлтгэлээ базааснаар ийнхүү нийлж буй нь энэ. Гоцлол дуучдын эгнээнд байгаа Б.Энхнаран хатагтай Макбетад, түүнтэй зэрэгцэн суугаа гоцлооч Бүүвэйбаатар Макбет жанжинд, гоцлооч О.Хүрэлбаатар бол Макбетын найз, цэргийн бас нэгэн жанжин Банкогийн дүрийг бүтээж буй юм байна. Дуурийн гоцлооч Э.Бумхүү мөн Макбетад дуулахаар тэмдэглэл хөтөлж сууна.
Найрал дуучид ажлаа хийгээд гарч одоцгооход хатагтай Макбет буюу тус театрын тайзнаа дэлхийн сонгодог болон үндэсний олон ч дуурийн гол дүрийг бүтээсэн гоцлол дуучин Б.Энхнаран өөрийн хэсгийг дууллаа. Дараа нь Макбет жанжны дүрийг бүтээж буй гоцлол дуучин Бүүвэйбаатар болон Макбетын найз жанжин Банко болж буй О.Хүрэлбаатар нар ээлжлэн дуулсаар байсан юм. Тэд чухам юун тухай дуулж байгааг тодрууллаа.
“Макбет”-ын цомнолыг В.Шекспирийн “Макбет” зохиолоос сэдэвлэн бичсэн бөгөөд үүнд дуурийн урлагийн мастер Ж.Верди хөгжим туурвиж дуурь болгосон тухай өмнө бичсэн.
Үйл явдал тэртээ XI зуунд Шотландад өрнөдөг. Цэргийн цуутай жанжин Макбет эрх мэдэлд улайран шунасан эхнэрийнхээ нөлөөгөөр өөрийн толгойгүй мэт харалган авирласаар, улс орон, ард түмнийхээ дайсан болж, улмаар амь насаа алддаг талаарх эмгэнэлт явдлын тухай өгүүлдэг.
Зурагт буй дуучдын эхнийх буюу гоцлол дуучин Б.Энхнаран “Лэди Макбет”-ын каватинаг дуулсан. Каватина гэдэг нь дуурийн гол дүрийн жүжигчид дуулах зориулалттай, хэмжээгээр аригаас богино, уянгын шинжтэй дуу аж. Тэрбээр нөхрөөсөө захидал хүлээж аваад сэтгэгдлээ илэрхийлэн “Тийм ээ, Макбет, чи хаан болох ёстой. Үүний төлөө чи өөрөө явж чадахгүй бол би тусална. Би бүхнийг хийж чадна” гэсэн утгаар хүсэл шуналаа барьж ядан дуулдаг.
Түүний дараа Макбет (гоцлол дуучин Бүүвэйбаатар), Банко (гоцлол дуучин О.Хүрэлбаатар) нар хоршин дуулдаг. Тэд уг дуурийн буюу жүжгийн үйл явдлуудын өрнөлийн хөтөч болох шулмуудын зөгнөлийн талаар харилцан ярилцаж дуулдаг. Мэдээ хүргэгч тэр хоёрт шулмууд Макбетыг Кавадор (Шотландын засаг захиргааны нэгэн нэгж)-ын тан буюу удирдагч болсон талаар мэдээлээд, араас нь тун удахгүй Шотландын хаан болох юм байна гэж хэлдэг. Тэгэхэд нь Банко “Энэ ч дээ, дэмий, цуу яриа байх аа даа” гэсэн юм хэлдэг. Мэдээ хүргэгч Банкогийн талаар шулмууд юу гэж зөгнөж хэлсэн тухай ярихдаа “Чи хэзээд Макбетын доор амьдрах хувь заяатай юм байна. Гэхдээ үр удам чинь Шотландын дараагийн хаан болно” гэдэг. Найз хоёр жанжин энэ үеэс зөрчилдөж эхэлдэг.
Хатагтай Макбет, нөхөртэйгээ буюу Макбет жанжинтай хоршин юун тухай дуулдгийг сонирхуулъя. Макбет “Дункан хаан орой энд ирнэ” гэхэд эхнэр нь “Тэр маргаашийн нарыг харахгүй” гэнэ. Юу гэсэн үг болохыг нөхөр нь асуухад эхнэр “Чи ойлгохгүй байна гэж үү” хэмээдэг. (Хатагтай Макбет төлөвлөснөөрөө Дунканы хааныг Макбетаар алуулах гэвч, нөхөр нь сандарч салгалаад чадахгүй болохоор өөрөө гүйцээж орхидог юм билээ).
Дуурьт энэ мэтийн үйл явдал гарна. Яриа хөөрөө өрнөнө. Тэр болгоныг дуулах урлагийн дээд хэмжүүр болсон дуурийн урлагт нэвтэрсэн дуурийн дуучид биежүүлэн, амилуулдаг нь гайхамшигтай.
С.БАТТУЛГА: ЭМГЭНЭЛТ ДУУРИЙГ СОНИРХОЛТОЙГООР ХҮРГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Бэлтгэл сургуулилалтын үеэр уг дуурийн найруулагчаар ажиллаж буй, ДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулгаас мэдээлэл авлаа.
-Танай театртай хамтран ажиллаж, шинэ дуурь бүтээх хөрөнгөөр хангаж буй ESM буюу “Инглиш скүүл оф Монголиа” сургуулийн сурагчид аль хэсэгт дуулах вэ?
-Дайн самууны хөлөөс дайжсан дүрвэгчид Шотландаас гарахаар явж буй хэсэгт олны дунд дуулдаг. Дөрвөн эмэгтэй, долоон эрэгтэй хүүхэд бий.
-Тэдний бэлтгэл хэр байна?
-Маш сайн бэлджээ. Гэхдээ биерхүү болохоор найрал дуучдын дундаас ялгарахааргүй байгаа ч хоолой нь хүүхдийнхээрээ тул бага зэрэг нам дуугаргахыг хичээж байна. Бид ярилцаад ойлголцсон.
-Ер нь энэ дуурийг нэлээд хүнд талдаа гэдэг юм билээ. Найруулж тавихад мэдрэгдэж байна уу?
-Шекспирийн эмгэнэлт зохиолууд ямар байдаг билээ, тийм төрлийн бүтээл. Гэхдээ тавилт ямар байхаас шалтгаалан үзэгчдэд яаж хүрэх нь хамаарна. Та анзаарсан байх, хөгжим тансаг байгаа биз. Хүнд, хэцүү байдлыг илтгэсэн ямар ч байдал, харилцан ярианууд, атаа хорсол, алаан хядаан хөгжимд уусдаг. Дуурийг хөнгөн хэлбэрээр хүргэхийг хичээж байна. Үүнийг тавилт, тайзны шийдлээр зохицуулж байгаа. Ганцхан онцлогийг дурдъя. Энэ дуурьт шулмуудын үүргийг нэлээд товойлгож, өнгөц харахад тэд бүгд нэгэн гол дүр ч юм шиг байхаар бодож, найруулж байгаа. Энэ санааг минь зураач тайзны зураг, орчин үеийн технологийн боломжуудаар сайтар гаргаж өгч байгаад баяртай байна. За, одоохондоо үүнээс илүүг ярих хэрэггүй болов уу. Үзэгчдэд өөрсдөө харах юм үлдээх хэрэгтэй.
СТЭФАНО ТОРБОЛИ: МОНГОЛЫН ДУУЧИД ХҮЧТЭЙ ХООЛОЙТОЙ ЮМ
Итали удирдаач Стэфано Торболи “Макбет”-ыг монгол үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна
Дуурийн удирдаачаар ажиллаж буй маэстро Стэфано Торболитой товч ярилцлаа.
-Ажилдаа сэтгэл хангалуун байна уу?
-Хангалуун байна. Хөгжимчидтэйгөө сайн ойлголцож байна. Дуучдын хувьд үе үе хэлний талд алдаа гаргаад байх юм. Засаж залруулж өгөхөд ихэнхийг нь хүлээж авч байгаа ч тухайлбал давхар “т” гийгүүлэгчтэй үгийг хэлэхдээ заавал нэг л “т” дуудах юм. Гэхдээ энэ том алдаа биш ээ. Би ч гэсэн монголоор ярих болбол чадахгүй шүү дээ.
-Дуучдын ур чадварын талаар юу хэлэх вэ?
-Монголын дуурийн дуучид эрэгтэй, эмэгтэйгүй хүчтэй хоолойтой юм. Тийм болохоор хаана, хэзээ хүч гаргах вэ, аль үед намсгаж дуугаргах вэ гэдэг дээр ажиллацгааж байна. Оркестрыг санаснаараа дуугаргахаар хичээж байгаа. Болох шинж байна.
-Та хэдэн жилийн өмнө бас ESM сургуулийн урилгаар ирж ажилласан юм билээ. Монгол таалагдаад байна уу?
-Ажил шүү дээ. Одоогоос хэдэн жилийн өмнө энэ сургуулийн зүгээс Англид удирдаачдын дунд Монголд ажиллах талаар нээлттэй зарласан байсан. Би өөрийгөө танилцуулсан материалаа өгөөд, тэнцээд ирсэн юм. Энэ удаа ч адилхан. Ер нь бол Монгол таалагдаж байгаа.
ДБЭТ-ын ээлжит шинэ уран бүтээл Ж.Вердийн “Макбет” дуурь хэрхэн төрөх гэж буй талаар сурвалжлахад ийм байна.