Монголын балетын үндэсний V уралдаан энэ сарын 4,5-нд болно. Уралдаанд 6-18 насны сурагчид, залуу бүжигчид сонгодог балетын баг болон гоцлол төрлөөр оролцохоор бүртгүүлжээ. Тодорхой хэлбэл, Монголын балетын үндэсний V уралдаанд нийт 375 оролцогч бүртгүүлсэн байна. Энэ жилийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд МУУГЗ, Соёлын яамны Урлаг уран бүтээлийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, балетмейстер Б. Сэргэлэн, МУГЖ, УДБЭТ-ын гоцлох жүжигчин Б.Саруул нар шинээр нэгджээ. Ингээд энэ удаагийн балетын үндэсний уралдааныг Монголын балетын хөгжил сангийн тэргүүн МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг, МУГЖ, УДБЭТ-ын зөвлөх балетмейстер Х.Гэрэлчимэг, СТА, СУИС-ийн хүндэт профессор, Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, урлаг судлаач, ЗХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн, ДБЭТеатрт 1983-2009 онуудад гоцлол балетын жүжигчнээр ажилласан, Монголын балетын үндэсний I, II, III, IV уралдаанууд, Монголын ОУ-ын балетын 2-р уралдааны шүүгч Д.Алтантуяа нараас гадна ОХУ-аас Буриад улсын гавьяат жүжигчин, Бүжиг дэглэлтийн тэнхимийн дэд профессор Доржо Васильевич Дугаржапов, Япон улсаас IUCDC тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч, шүүгч, Охара ахлах сургуулийн балетын тэнхимийн багш, Японы балетын холбооны Токио дүүргийн дэд дарга, 2022, 2023 онд Олон улсын балетын академийн уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч Наоми морияма, БНХАУ-аас World Ballet Grand Prix Уралдааны Япон дахь захирал, ОУ-ын Нэгдсэн Цахим Бүжгийн Уралдааны ерөнхийлөгч, Юнескогийн дэргэдэх ОУ-ын Бүжгийн Зөвлөлийн гишүүнээр ажиллаж олон улсад балетын зөвлөх, багш, тэмцээнүүдийн шүүгч, зохион байгуулагч болон бүжиг дэглээч Шао Зи Жунь нар шүүнэ.
Уралдаан 6-8, 9-11, 12-14, 15-18 гэсэн насны ангиллаар явагдана. Монголын балетын үндэсний уралдаан нь балетаар хичээллэгч хүүхэд залуучуудын ур чадварыг сайжруулах, сурах орчин нөхцөлийг дэмжих, балетын студи, байгууллагуудын болон сурагчдын харилцаа холбоог үүсгэх, улмаар авьяас чадвараа цааш хөгжүүлэх, гадаад дотоодын тэмцээн уралдаан, сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нээх зорилготой.