Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох "Инээмтгий хүн" романыг "Рго" театрын залуу уран бүтээлчид зориглон барьж авч, тайзны бүтээл болгосон. Түүгээр үл барам тайзны бүтээл болгохдоо визуал хэлбэрээр туурвиж, олонд хүргэсэн нь "нүдээ олж", театр шүүмж, судлаачдын сэтгэлд торж чадав. Жүжигчид 20 үдшийн турш тайзнаа гарч, бүтээлээ амилуулсан.
Жүжгийн үйл явдал XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней " Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн бөгөөд тэрбээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлнэ. Золоор амьд үлдсэн лордын хүү Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог. Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод нэгэндээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг болсон Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болдог. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд эргэн хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчрах эс авчрахыг өнөөдөр таашгүй...
... Ээжийнхээ үгэнд орохгүй бол эрэмдэг зэрэмдэг болгоно шүү
Аавынхаа үгэнд орохгүй бол тонуулчин дээрэмчинд өгчихнө шүү...
XVII-XVIII зууны заагт болсон эл үйл явдал ийн Монголд амилав. Зэрэмдэглүүлсэн хүү "Инээмтгий хүн" болж, Монголоор "хэрэн хэсүүлчилнэ". "Рго" театрынхны бүтээл "Инээмтгий хүн" жүжиг үзэгчдийн хүсэлтээр ирэх өдрүүдэд дахин тайзнаа амилах нь ээ.