Ховд аймгийнхан жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж, баруун таван аймгийн хэрэглээг хангах гэнэ. Уг цементийн үйлдвэрээ ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Ховд эко цемент” үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2019-2022 онд хийсэн бөгөөд барилгын төмөр бетоноо Монголчууд 100 хувь босгосныг албаныхан онцоллоо.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын нийт зардал 70 сая ам.доллар. Үүний 28 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээлсэн аж. Тус үйлдвэрийн ерөнхий инженер Д.Батсүрэн энэ талаар “Хөгжлийн банкнаас зээлсэн 28 сая ам.доллар бол үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өртөг юм. Монголд баригдсан өмнөх цементийн үйлдвэрийг дандаа гадаадын компаниуд барьсан. Харин манай үйлдвэрийн гол онцлог бол Монголчууд өөрсдөө барьсан бөгөөд энэ нь дотоодын боловсон хүчинд туршлага болохоос гадна дараагийн бүтээн байгуулалтад эергээр нөлөөлөх юм. “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийг барих хугацаанд 600-800 хүн ажилтай болсон. Цаашлаад үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэхээр 2000-3000 мянган тогтмол ажлын байр нэмэгдэх тооцоо бий. Үйлдвэр нь хоногт 1000 тонн чулуунцар буюу жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэнэ.
Баруун таван аймгийн цементийн жилийн хэрэгцээ 220 мянган тонн учир илүү гарсаныг нь ОХУ, БНХАУ-руу экспортлох боломж бүрдэж буй. Цементийн гол түүхий эд болох шохойн чулуу үйлдвэрээс 1.8 км зайд бий. Бид ашиглах зөвшөөрөлтэй талбайдаа судалгаа хийхэд 90-100 жилийн нөөцтэй гэх тооцоо гарсан. Одоогоор үйлдвэрт ажиллах технологич, химич зэрэг нарийн мэргэжлийн боловсон хүчин баруун таван аймагт байхгүй. Тиймээс бид Улаанбаатар хотоос туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахаар тохирсон. Мөн цаашлаад хүний нөөцөө бэлдэхийн тулд Ховд их сургуультай хамтарч, оюутнуудаа сургана” гэж мэдээллээ. Ташрамд дурдахад, “Ховд эко цемент”-ийн нэг тоннын үнэ нийслэлд худалдаалж буй цементийн үнэтэй адилхан байх гэнэ.