Зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч буй талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээллээ. Тодруулбал, тэрбээр "Өнгөрсөн хоёр долоо хоногт УБЗАА бүрэн бүрэлдэхүүнээрээ дүүрэг, хороодод ажиллалаа. Ингэхдээ бид дүүрэг, хороодод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зарим нэгийг нь газар дээр нь шийдэж байна.
Хотын зам, талбайн арчилгаа, цэвэрлэгээний ажил жигдрээд явж буй. 457 аж ахуйн нэгж, байгууллага 19,305 ам метр талбайг цэвэрлэлээ. Мөн 100 СӨХ-ны оролцоотойгоор 84,374 ам метр талбайн халтиргаа гулгаа, дагтаршсан цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Зөвхөн хотын төв ч бус, зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч байна.
Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийт 980 гаруй ажилчин, албан хаагч 150 гаруй техниктэйгээр ажиллаж, 10,500 гаруй тоо толгой малыг гаргалаа" гэв.