ЗТХЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Монгол Улсын цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Уг төслийг ирэх хоёрдугаар сард хэрэгжүүлж дуусахтай холбоотойгоор үр дүнг нь тайлагнах техникийн семинар өнгөрсөн баасан гарагт болсныг дээрх яамнаас мэдээллээ. Эл төслөөр 2021 онд асфальт бетон хучилт, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын стандарт боловсруулж, батлуулжээ. Мөн цемент бетон хучилтын зөвлөмжийн төсөл боловсруулсан байна. Бас “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын төв лабораторид 30 нэр, төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, сургалтууд зохион байгуулсан гэнэ. Түүнчлэн Монгол орны замд нийтлэг тохиолддог хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэлийг багасгахад чиглэсэн хучилтын хийц, орц найрлагыг зам дээр туршиж, үнэлэх загвар төслийг 2021 онд Налайх-Чойр, өнгөрсөн жил нийслэлийн замд хэрэгжүүлсэн аж.
Бэлтгэсэн Б.Сонор