2023 онд зохион байгуулахаар төлөвлөсөн аялал жуулчлалын арга хэмжээнүүдийн хамгийн эхнийх нь маргааш болно. Энэ бол олон ястны өлгий Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор Хөвсгөлийн “Хөх сувд”-аас санаа авч 2014 оноос хойш Хар-Ус нуурын хөвөөнд зохион байгуулж буй “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр юм. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд утаагүй үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж буй бөгөөд 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарласан. Үүний хүрээнд нийслэл, орон нутагт зохион байгуулахаар төлөвлөсөн аялал жуулчлалын арга хэмжээнүүдийн календарийг жуулчдад зориулж баталсны хамгийн эхэнд “Мөнгөлөг шагшуурга” эрэмбэлэгдсэн . Тиймээс энэ удаагийн мөсний баярыг илүү өргөн хүрээнд, төр, хувийн хэвшлийн олон байгууллагыг хамруулан зохион байгуулах гэж .
Сурталчилгаа, маркетингт нь ч ихээхэн анхаарч байгаа ажиглагдав. Гадаад, дотоодын жуулчдыг олон ястны өлгий нутгийг зорьж, Хар-Ус нуурын эрэгт нэгэн өдрийг өнгөрүүлэхийг БОАЖ-ын сайд уриаллаа. Мөсний баярыг угтсан “Инвест Ховд” хөрөнгө оруулалтын форум өчигдөр болов. Уг арга хэмжээнд оролцох жуулчдын түрүүч нь Ховдод хэдийн очжээ. Үндсэндээ мөсний баярын бэлтгэлийг бүрэн хангаж дууссан гэсэн үг. Гэтэл орон нутгийн зарим иргэн “Мөнгөлөг шагшуурга” байгаль орчинд ихээхэн халтай хэмээн эсэргүүцэх болов.
Ховд аймгийн Зэрэг сумын иргэн С “Ховд аймаг Хар-Ус нуурын мөсний баярыг олон жил зохион байгуулсан ч орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд дорвитой үр өгөөж өгч байгаагүй. Харин ч байгаль орчинд их хэмжээний дарамт учруулдаг. Нуурын ойролцоо ариун цэврийн байгууламж барьснаас болж тэр хавь баас, шээсэнд “дарагдсан” тохиолдол ч бий. Хэвлэлүүд энэ асуудлыг хөндөж байлаа. Сүүлийн жилүүдэд уг арга хэмжээний зохион байгуулалтад анхаарч буй гэх боловч дээрдсэн зүйлгүй. Хонон өнжин баяр тэмдэглэдэг хүмүүс нуурын зэгс, хулс руу орж бие засах, хогоо хаях зэргээр байгаль орчин бохирдуулдаг хэвээр. Өнөө жил мөсөн дээр тээврийн хэрэгсэл тавиулахгүй, зарим тэмцээн, уралдааныг нуураас зайдуу зохион байгуулна гэсэн ч ийм явдал давтагдахгүй гэх баталгаа алга. Монгол орны баруун бүс гол, нуур олонтой ч байгаль, цаг уурын өөрчлөлт, уул уурхайн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд тэдгээрийн усны түвшин эрс багасаж, эко систем нь алдагдаж байгаа. Ялангуяа Хар-Ус нуур хүний нөлөөнд их автсан. Зэгс, хулсгүй, нүцгэрч, намагшсан газар болсон. Зэгс бол энэ нутагт ойн үүрэг гүйцэтгэдэг чухал зүйл. Тэнд нутагладаг амьтад болон нуурын экосистемийн хувьд маш чухал нөлөөтэй. Хар-Ус нуур Ховд, Буянт, Чоно харайх болон Зэргийн хөндий дэх голуудтай хүйн холбоотой. Нэгийнх нь экосистем доголдоход бусад нь дагаад доройтдог. Тиймээс нуур усандаа аюул учруулан байж ийм ашиггүй арга хэмжээ зохион байгуулахаа болих хэрэгтэй. Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан юу хийгээд, өдий болтол чимээгүй байгаад байна вэ” хэмээн халаглан ярив.
Түүнтэй ижил байр суурьтай өөр нэг иргэн “Коронавирусийн улмаас сүүлийн гурван жил уг баярыг зохион байгуулаагүй. Ашгүй хэмээн баярлаж байтал өнгөрсөн жилүүдийнхээс өргөн хүрээнд, өчнөөн том талбайд тэмдэглэхээр болчихлоо. Хар-Ус нуурын нөхцөл байдал ямар байгааг нутгийн иргэд сайн мэднэ. Унаган төрх нь алдагдаж, ургамлын төрөл зүйл цөөрснийг Ховд их сургуулийн судлаачид 2018 онд судлан тогтоосон байдаг. Үүнээс хойш улам дордсон уу гэхээс дээрдээгүй. 1960-аад оны дунд үед Сэлэнгийн Буурын голоос элнуурт 50 онд атр нутагшуулсан нь өдгөө 100 мянга болтлоо өссөн. Энэ амьтны тоо толгой нуурын эко системд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүртлээ олширсныг мэргэжлийн хүмүүс хэлж, арга хэмжээ авахыг зөвлөсөөр ирсэн ч ажил болгоогүй. Дээрээс нь Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт олон тооны малчин өрх нутаглаж, мал сүргээ идээшлүүлдэг нь тус бүсэд экологийн тэнцвэр алдагдах шалтгаан болж байна. Малчид онд атр олширсноос өвөлжөө, хаваржаагүй болох нь гэж их ярьдаг. Үнэн хэрэгтээ тэд ч байгальд хохирол учруулж буй. Хар-Ус нуурт хамгаалал хэрэгтэй байгаа энэ үед мөсний баярыг хойш тавих нь зүйтэй. Нэрмээс л болж байна шүү дээ. Үүнийг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг учраас орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллагынхан шүүмжилж, үг дуугарч чаддаггүй. Нуурын нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэхийн хувьд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, Ховд их сургуулийн судлаачид дуугарвал илүү үр дүнтэй” гэлээ. Мөн тэрбээр “Мөнгөлөг шагшуурга”-аас үүдэлтэй байгаль орчны асуудлыг Хөвсгөлийн “Хөх сувд”-ынх шиг олон нийтийн анхаарлын төвд хүргэх шаардлагатайг хэлэв.
Жил бүрийн гуравдугаар сард болдог “Хөх сувд” мөсний баярыг гадаад, дотоодын олон мянган жуулчин зорьж үздэг. Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдаас эхлээд цагдаа, онцгой байдал, эмнэлэг гээд орон нутгийн холбогдох байгууллагынхан энэ үеэр ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлдэг. Гэвч тэр олон хүнийг нэг бүрчлэн хянаж, анхаарах боломжгүйгээс байгаль орчны холбогдолтой зөрчил цөөнгүй гардаг юм. Ил задгай бие засах, хогоо энд тэнд хаях, тээврийн хэрэгслээ мөсөн дээр замбараагүй байршуулж, нефтийн бүтээгдэхүүн, шатах, тослох материалаар нуурын усыг бохирдуулах тохиолдол байнга давтагддаг. Тэгвэл Хар-Ус нууранд ч ийм явдал болдог аж. Иргэд “Мөнгөлөг шагшуурга”-ыг эсэргүүцэж байгаа хамгийн гол шалтгаан нь энэ. Уг баярыг өнөө жил тэмдэглэхгүй байх бас нэг шалтгааныг ч тэд хэллээ.
Ховд бол олон ястны өлгий нутаг. Тэр ч үүднээсээ Хар-Ус нуурын мөсний баярын үеэр олон угсаатны соёл, өв уламжлалыг харуулсан арга хэмжээнүүд зохион байгуулдаг онцлогтой. Спортын тэмцээн, уралдаануудаас гадна үзэсгэлэн, худалдаа, хувцас, гоёлын үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт болдог. Тиймээс үүнд сум болгоныг нэгдсэн байдлаар хамруулдаг юм. Бэлтгэлийг нь хангах гэж бөөн ажил уддаг. Тэгвэл энэ жил Ховд аймгийн дийлэнх нутагт өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, малчид болон төрийн захиргааны байгууллагынхан баяр тэмдэглэх мантай байхад л “Мөнгөлөг шагшуурга” зохион байгуулна хэмээн олон хүнийг дайчилж, бөөн төвөг чирэгдэл учруулжээ. Сум бүр өөрсдийнхөө онцлогийг сурталчлах зорилгоор нэгээс дээш тооны гэр барих, иргэдээ төлөөлөл болгож илгээх, мөсөн хотхон байгуулах ажилд оролцох, уг арга хэмжээг сурталчлах гээд баахан үүрэг даалгаврыг зохион байгуулагчид нь орон нутгийн удирдлагуудад өгсөн гэх. Энэ байдлаас харахад 2023 оны мөсний баярын “ирц” өмнөх жилүүдийн хэмжээнд хүрэх үү гэдэг нь тун эргэлзээтэй байна. Дээрээс нь тус арга хэмжээг дэмжигч, хамтран зохион байгуулагч байгууллагуудын дунд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК багтжээ. Энэ нь Ховд аймгийн Мянгад сумын Халзан бүрэгтэй ууланд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани юм. Нутгийн иргэд эднийхийг эсэргүүцэж, шүүх, цагдаад хандахдаа тулсан учраас аймгийн Онцгой комисс үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоогоод буй аж. Үүнд “эмзэглэсэн” иргэд “Эх орон, нутаг усаа тонон дээрэмдэгсэдтэй гар барихгүй”, “Халзан бүрэгтэй уулаа барьцаанд тавьж баярлахгүй” хэмээн бөөн асуудал үүсгэж байгаа сурагтай.
Энэ жилийн мөсний баярыг зохион байгуулагчид “Мөнгөлөг шагшуурга”-ыг дэг журамтай зохион байгуулна, мөсөн дээр нэг ч автомашин зогсоохгүй, тээврийн хэрэгслийг нуураас 400- 800 метрийн зайд байршуулна хэмээн мэдээлсэн. Бага насны хүүхэдтэй хүмүүсийг өөрсдийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа аж. Гэтэл иргэдийн зарим нь “Өөрсдөө дулаан гэрт тухалчихаад, иргэдийг хүйтэнд зутраах гэлээ”, “Өндөр настан, бага насны хүүхэдтэй явж буй хүмүүс яах болж байна” хэмээн бас л шүүмжлэлтэй хандаж буй гэнэ. Энэ янзаараа бол иргэд зохион байгуулагчдын шаардлагыг хүлээж авахгүй, дийлдэхгүй шинжтэй. Мөсний баярын гол зохион байгуулагчаар ажиллаж байгаа Ховд аймгийн ЗДТГ, МҮХАҮТ, тус бүсийг хариуцсан хамгаалалтын захиргааныхан энэ асуудлыг анхааралдаа авч, хяналт, зохион байгуулалтаа сайжруулан, Хар-Усыг Их нууруудын хотгор дахь хамгийн цэнгэг уст нуур хэмээх тодотголоо сэргээхэд нь бага ч атугай хувь нэмэр оруулаасай.
Бэлтгэсэн Н.Мишээл