Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгж болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах ажилтнууд хамрагдаж байна.
Эл цугларалтаар өвөлжилтийн нөхцөл байдлыг хэлэлцсэн аж. Өвөлжилтийн нөхцөл байдал сайнгүй, нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь цастай, зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд, 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна. Иймд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, зудын эрсдэлээс сэргийлж, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, гамшгаас хамгаалах санхүүжилт, төсөв хөрөнгийг бүрдүүлэлт, зарцуулалтад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг анхаарууллаа.
Хоёр өдөр үргэлжлэх тус цугларалтаар Онцгой байдлын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, 2023 оны зорилт, удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээ мэдээлэл өгч, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.