Туялзуур сэлмийн насанд хүрэгчдийн А зэрэглэлийн гран при тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд шилдэг 48 тамирчин өрсөлдсөнөөс “УБ фенсинг” клубийн Б.Амарзаяа аварга болов. Ингэснээр тэрбээр манай эмэгтэй тамирчдын чансааг тэргүүлж эхэллээ. Б.Амарзаяа өнгөрсөн онд Узбекистаны Ташкент хотод болсон, туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэж байсан тамирчин юм. Мөн Кувейт улсад зохион байгуулсан, 23 хүртэлх насныхны залуучуудын Азийн АШТ-д оролцож, XII байр эзэлсэн. Түүний араас “Дуэль” клубээс О.Золбоо эмэгтэй тамирчдын чансааны хоёрт жагсаж, “Варриорс”-ын Ч.Түвшинжаргал гуравт бичигдлээ.
Эрэгтэйчүүдийн чансааны хувьд “Дуэль” клубийн тамирчин, дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн I байрт эрэмбэ лэгдсэн хэвээр байна. Тэрбээр клубийнхнээсээ шилдэг дасгалжуулагчийн цом гардсан юм. Туялзуур сэлмийн насанд хүрэгчдийн А зэрэглэлийн гран при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаар “Варриорс” клубийн Г.Тэмүүлэн долоон байр урагшилж, эрэгтэй тамирчдын чансааны II байрт хүч түрэн орж иржээ. Ирэх жилийн нэгдүгээр сараас чансааны оноо олгох тэмцээнүүд үргэлжлэх нь.