Жүжигчин Г.Ундармаа “Хүүхдийн төлөө фонд”-ны мөнгийг босгоход багагүй үүрэг гүйцэтгэсэн. Урлаг спортынхон ч оролцож, ард иргэд хувийн компаниудаас хандив босгож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлсэн. Тэгвэл жүжигчин Г.Ундармаа нүүр номдоо "Энэ төслийн үйл явц тайланг ард иргэддээ танилцуулж өгнө үү. Бид өөрсдийн цаг хугацаа сэтгэл зүрхээрээ итгэл үнэмшлээрээ нэгдэж оролцсон билээ. Одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцаж байгаа баг ажилтнууд тайлангаа тавихыг бид хүсэж байна" хэмээжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас доор мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалт бүхий Хүүхдийн төлөө санг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд сэргээн байгуулж, сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар заасан.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212 дугаар зүйлийн 212.4-т “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж тогтоосны дагуу Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор журмыг баталсан.
Журам хэрэгжиж эхэлснээс хойших 1.7 жилийн хугацаанд автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогоос 7.024.586.857 төгрөг, Хүүхдийн фонд ТББ-аас 2.077.261.507 төгрөг, байгууллага, иргэдээс өгсөн хандив 15.5 сая төгрөг, нийт 9.117.348.364 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн.
Хүүхдийн төлөө сангаас энэ хугацаанд олон улс, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан 40 хүүхдэд 138.2 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд 23.3 сая төгрөг буюу нийтдээ 161.5 сая төгрөгийг зарцуулсан. Өөр нэмэлт санхүүжилт гараагүй болно.
Үлдэгдэл 8.955.848.364 төгрөг Хүүхдийн төлөө сангийн Төрийн сан дахь 100900039503 тоот дансанд байгаа болно. Үлдэгдэл болон зарцуулалттай танилцахад нээлттэй.