“Орфей” театрынхан намар цагийн уран бүтээлийн нээлтээ Жон Патрикийн “Опал” жүжгээр хийж, “Хүн” театрын тайзнаа олноо толилуулж байсан. Тэгвэл уран бүтээлчид маань буйр сэлгэж, Соёлын яамны "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн аян"-ны хүрээнд “Опал” жүжгээ Монголын хүүхдийн ордны тайзнаа арваннэгдүгээр сарын турш тоглохоор болжээ.
Уран бүтээлчид “Опал”аар дамжуулан хүний дотоод гоо, сайхан сэтгэлийг илэрхийлэх юм. Мөн өнөө цагт дутагдаад байгаа хүний мөн чанар, эерэг хандлагын талаар өгүүлнэ. Жүжиг хоёр цаг гаруй үргэлжлэх бөгөөд дүрүүдэд Ц.Төмөрбаатар, О.Энхтуул, Т.Ариунчимэг, Н.Онон, Д.Баттөмөр, Т.Сэргэлэн, Э.Чинзориг нар тогложээ.
АНУ-ын иргэн Гэри Биондо жүжгийн багт бизнес төлөвлөлт, санхүүгийн зөвлөгөө өгөн ажиллаж буй.
“Орфей” театр “I student” хөтөлбөрөө энэ удаа ч үргэлжлүүлнэ. Тодруулбал, оюутан, сурагчдад тасалбараа хөнгөлөлттэй үнээр худалдана. “Опал” энэ цаг үед Broadway-д мөн тоглогдож буй. Ер нь Европ, Орост нэлээд олон жил тоглогдсон 60 “настай” жүжиг аж. Жүжигчний уран чадвар, мэдрэмж, авьяас шаардсан бүтээл гэнэ. “Опал” бол харсан болгоны зүрх сэтгэл догдолж, хайр түгээдэг чулуу. Тиймдээ бусдаас илүү гэрэлтдэг. Гэвч байгаль ховорхон байдаг, нандин чулуу аж.