Энэ сарын 16-нд эхэлсэн Хятадын Коммунист намын (ХКН) 20 их хурал тус оронд ихээхэн өөрчлөлт авчирна гэж шинжээчид үзэж байна.
Таван жилд нэг удаа болдог уг хурлаар Ши Жинпин дарга гурав дахь удаагаа соногдох төлөвтэй байгаа бөгөөд өөрийгөө дэмжих шинэ баг бүрдүүлэхийн тулд боловсон хүчний өөрчлөлтийг хатуу хяналтандаа байлгаж байна. Тиймээс энэ их хурал хүлээж байснаас илүү их өөрчлөлтийг авчирч магадгүй тухай "South China Moning Post"сонины мягмар гарагийн дугаарт нийтэлжээ.
ХКН-ын доторх эрх мэдлийн тогтолцоо нь тодорхой үе шатлалтай. Түүний удирдах дээд байгууллага нь таван жил тутамд хуралддаг Бүх Хятадын намын их хурал юм. Энэ нь ХКН-ын Төв хороог сонгодог бөгөөд одоогоор 204 гишүүнтэй. Дараа нь шинэчлэгдсэн Намын Төв Хроо анхдугаар чуулганаараа 25 хүний бүрэлдэхүүнтэй Улс төрийн товчоог мөн Улс төрийн товчооны Байнгын хороог (түүнд намын хамгийн нөлөө бүхий 7 коммунист багтдаг) томилдог.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бол дээрх тогтолцооын гол удирдагч нь. 2012 оноос хойш энэ албан тушаалыг Ши Жиньпин (69 настай) хашиж байна. Эрх мэдлийн хоёрдугаарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян (67 настай) эзэлж байна. Гуравдугаар шатанд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (улсын парламент) дарга Ли Жаншу (72 настай), дараа нь Ардын улс төрийн зөвлөлдөх Үндэсний хорооны тэргүүн Ван Ян (67 настай) нар оржээ. ХКН-ын Төв Хорооны оюун санааны соёлыг бэхжүүлэх асуудал эрхэлсэн дарга Ван Хунин (67 настай) БНХАУ-ын эрх мэдлийн тав дахь чухал шатлалыг эзэлдэг. Удаах шатлал буюу зургаад ХКН-ын Сахилгын төв хорооны нарийн бичгийн дарга Жао Лэжи (65 настай) байрладаг бол сүүлийн долоо дахь шатлалыг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Хан Жэн (68 настай) эзэлж байна.
Хэвлэлд бичсэнээр Улс төрийн товчооны дөрвөн гишүүн, түүнчлэн намын Төв хорооны гишүүдийн тал хувийг сольж магадгүй аж. Хятадын дээд удирдлага дахь халаа сэлгээний дүнг эрх баригчид энэ амралтын өдөр буюу долоо хоног үргэлжлэх ХКН-ын их хурлын төгсгөлд зарлахаар төлөвлөж байна. 97 сая гишүүнтэй намыг толгойлох Төв хорооны шинэ бүрэлдэхүүн энэ сарын 22-нд тодорхой болно. Дараагийн өдөр нь шинэчлэгдсэн Төв хороо Улс төрийн товчоо, түүний дээд байгууллага Байнгын хороог сонгоно.
“South China Morning Post” сонинд бичсэнээр Улс төрийн товчооны Байнгын Хорооны 7 гишүүний 4 нь тэтгэвэртээ гарах гэж байгаа тул намын дээд байгууллагад цус сэлбэлт болох нь тодорхой аж.
Гадаадын ажиглагчид Ли Кэцяны оронд Ван Яныг Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын албан тушаалд хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байна. Ван Яны удирдлагын арвин туршлага үүнд нөлөөлж байгаа аж. Гэхдээ Ван Ян Ли Кэцяны адил огцорвол Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөн эхэлнэ гэсэн үг юм.
Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдыг зөвхөн 2023 оны гуравдугаар сард болох парламентын ээлжит чуулганд албан ёсоор танилцуулдаг ч чухам хэн энэ албан тушаалд очих тухай энэ амралтын өдрүүдэд яригдах гэж байна.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд болох хүн БНХАУ-ын одоогийн тэргүүнтэй сайн харилцаатай байх нь энэ албанд очих чухал хүчин зүйл болох талаар “South China Morning Post” сонинд бичжээ.
Тус сонинд мэдээлснээр, ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын Хорооны гишүүдэд Ши Жиньпинтэй ойрын хүн болох Чунцин хотын ХКН-ын нарийн бичгийн дарга Жэнь Минер, Хятадын удирдагчийн итгэлт тусла, ХКН-ын Төв Хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Дэн Шюэсян, Гуандун мужийн намын хорооны дарга Ли Ши, Шанхай хотын ХКН-ын хорооны дарга Ли Цян нар дэвшиж болох аж.
Аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Бээжин хотноо ХКН-ын 20 дугаар их хурал болж байна. Үүнд улс орны өнцөг булан бүрээс бараг 2.3 мянган төлөөлөгч оролцож байна. Тэд намын 96.7 сая гишүүдийн төлөөлөл юм.