2007 онд Нельсон Манделагийн үүсгэн байгуулсан “The Elders” (Ахмадууд) бүлэгт Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгдлээ. Тэрбээр энэ бүлэгт гишүүн болсон Азийн анхны төрийн тэргүүн юм. Ц.Элбэгдорж 1990-ээд онд улс орныхоо ардчилалд шилжих үйл явцыг удирдаж байсан бөгөөд хүний эрх, эрх чөлөө, цөмийн зэвсгээс ангижрах, цаг уурын асуудлаар олон улсын тэмцэгч юм.
Ц.Элбэгдорж 2009-2017 онд Монгол улсын Ерөнхийлөгч, 1998, 2004-2006 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Тэрээр хөрш орнууд, тэр дундаа Орос, Хятад улстай харилцах харилцааг шинэчилэхэд, Монгол Улсыг Азийн цээжинд үндсэн хуульт ардчилсан орон болгоход зүтгэсэн.
“The Elders” ирэх 10 жилд дэлхий дахинд тулгарч буй сорилтуудын талаар ярилцаж байх энэ үед Ц.Элбэгдорж бидэнтэй нэгдсэнд баяртай байна. Учир нь түүний Азийн геополитик, хүний эрх, оршин тогтнох аюулын талаарх олон талт яриа хэлэлцээний ойлголт нь “The Elders”-ийн цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байх болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одоогийн 11 ахмадын нэг бөгөөд 2019 оноос хойш шинээр элссэн анхны хүн болно. Дэлхийн удирдагч асан, Нобелийн энх тайвны шагналтнууд, хүний эрхийн төлөө тэмцэгчдээс бүрдсэн тус бүлэг нь оршин тогтноход үзүүлж буй аюул заналхийллийг дэлхийн хэмжээнд шийдвэрлэх арга замыг сурталчилж, ёс зүйн манлайллыг дэмждэг.
“The Elders”-т Цахиагийн Элбэгдоржийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Тэрбээр Ази дахь ардчилал, зэвсэг хураах, зохих засаглалын асуудлаар тэргүүлэх дуу хоолой мөн бөгөөд, ахмадуудын ажилд өвөрмөц өнгө аяс, үзэл бодол авчирах болно. Ахмадууд болон би ойрын жилүүдэд хүн төрөлхтний өмнө тулгарч буй харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэхийн тулд түүнтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж “The Elders”-ийн зөвлөлийн дарга, Ирландын Ерөнхийлөгч асан Мэри Робинсон хэлжээ.
Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Миний хувьд энэ эгзэгтэй цаг үед “The Elders”-д нэгдэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Бидэнд тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд хүмүүс болон тэдний эрхийг анхаарлын төвд байлгах цогц арга барил дэлхий дахинд хэрэгтэй байна. Би Нельсон Манделагийн итгэл найдвар, эр зориг, тэсвэр тэвчээрийн тухай төсөөллөөс урам зориг авч, бүх хүмүүст илүү аюулгүй, эрүүл, илүү шударга дэлхийг бий болгохын төлөө ахмадуудтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэв.
Ц.Элбэгдорж энэ талаар твитерт "Энх тайван, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө олон улсын нэр хүндтэй байгууллагад зүтгэх үүрэг хүлээв. Нельсон Мандела, Кофи Аннан, Дэзмонд Туту, Жимми Картер.. гээд хүмүүсийг залгамжилж ажиллах нь. Монгол нэрээ бодон бодон хичээн зүтгэхээр сэтгэл шулуудлаа" хэмээн бичжээ.