“Улаанбаатар” театр үзвэрийн 17 дахь улирлынхаа нээлтийг өнгөрсөн сарын 30-нд уламжлалт соёл, урлагийг орчин цагийн хөгжим, дуу, бүжгийн бүтээлтэй хослуулсан тоглолтоор хийсэн юм. Мөн энэ сарын 7-нд “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл тоглосон. Тэгвэл удаах тоглолтоо энэ сарын 29-нд хүргэхээр болжээ. Тодруулбал, “Дэлхийн олон орны хөгжмийг жаргалтайгаар сонсоцгооё” уриатай “World music” тоглолтыг толилуулах юм. “Хангарьд” найрлын эл тоглолтоос Монголын үндэсний хөгжмөөр дэлхийн улс орнуудын чихэнд хоногшиж, сэтгэлд мөнхөрсөн гайхалтай зохиолуудыг хэрхэн тоглохыг, уянгалаг европ, зүрхний цохилт түргэсгэх өндөр хэмнэлт латин америк, дотоод сэтгэлийг хөдөлгөгч Дорнын аялгууг нэгэн зэрэг үзэж, сонсох боломжтой. Ташрамд дурдахад, тус театрынхан өнөө жил “Анхны үнсэлт” мюзикл, “Colors of Mongolia” хүндэтгэлийн тоглолт, “5’ve tones” гоцлол хөгжимчдийн тоглолт, “Love, love, love” жүжиг, “Legend of music” мюзикл, “Ариун хаврын тахилга” этно балет үзэгчдэд хүргэхээс гадна “El systema” хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хөгжмийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн А.Хангал