Орос, Беларусь улсууд Холбооны улсын хүрээнд бүс нутгийн хамтарсан зэвсэгт хүчний нэгж баруун хил дээрээ байрлуулах болсон тухай Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко аюулгүй байдлын асуудлаар хийсэн уулзалтын үеэр мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербург хотод болсон тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын албан бус чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ талаар тохиролцсон тухайгаа тэрбээр ярьжээ.
“Холбооны улсын баруун хил дээр хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор бид ОХУ болон Бүгд Найрамдах Беларусь улсын бүс нутгийн хамтарсан зэвсэгт хүчний нэгж байгуулахаар тохиролцов. Эдгээр бүх алхмууд манай хууль дүрэмтэй нийцэж байгаа” гэж Лукашенко өөрийн батлан хамгаалах салбарын удирдлагуудтай уулзахдаа хэлсэн байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Бидэнд хоёр дахь мөргөлдөөн хэрэггүй. Орос улс одоо өөрийн асуудалтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс бид Оросын зэвсэгт хүчнээс их зүйл хүлээх хэрэггүй. Гэхдээ хамтарсан хүч маань сайн бэлтгэгдсэн нэг мянга гаруй бие бүрэлдэхүүнтэй байх болно” гэв.
Өмнө нь Лукашенко Украины зүгээс халдлага зэхэж байгаа тухай мэдэгдэж байсан бөгөөд Киевт хариу арга хэмжээ өгнө хэмээн анхуулсан юм.