Өнөөдөр Киев, Днепр, Львов, Харьков зэрэг Украины хэд хэдэн хотод дараалсан дэлбэрэлт болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Өглөө орон нутгийн цагаар 07.00 цагийн орчимд улс даяар агаарын довтиолгоноос сэргийлэх түгшүүрийн дохио дуугарч эхэлсэн байна.
Украины хэвлэлүүдэд бичиж буйгаар эдгээр хотуудад ОХУ-ын зүгээс пуужингаар цохилт өгсөн байна.
Нийслэл Киев хотын захирагч Виталий Кличко өөрийн телеграм-сувагт “Хотын төв болох Шевченкогийн дүүрэгт дараалсан гурван дэлбэрэлт боллоо. Онцгой байдлынхан газар дээр нь ажиллаж байна. Дэлгэрэнгүйг дараэа нь” хэмээн бичжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Агаарын түгшүүр Украин даяар буурахгүй байна. Пуужингийн цохилтууд болсон. Харамсалтай нь эндсэн, шархадсан хүмүүс байна. Хичээнгүйлэн гуйя: хоргодох байрнаас битгий гар , өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаал" гэж мэдэгдэв.
Дэлбэрэлт болсон хотуудын захиргааны зүгээс мэдэгдэж байгаагаар пуужингийн харвалт байсан бөгөөд ихэнх нь хотын дэд бүтцийн онилсон байжээ.
Бямба гарагийн өглөө Крымын гүүрэн дээр дэлбэрэлт болсонд Кремль Украины тусгай албаныхныг шууд буруутгасан юм. Эдгээр дэлбэрэлтүүдийг ОХУ өшөө авч байна гэж хэвлэлүүд бичиж байна.