Европын Холбооны (ЕХ) Оросын эсрэг авах хориг арга хэмжээний шинэ багц тэр дундаа Оросын нефтийн үнэд дээд хязгаар тогтоох талаар тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Европын холбооны дипломатуудыг иш татан “Politico” мэдээлэв.
Тус хэвлэлд мэдээлж буйгаар, мягмар гарагт ЕХ-ны төлөөлөгчид найм дахь багц хориг арга хэмжээний талаар суурь тохиролцоонд хүрсэн бөгөөд 10 дугаар 5-нд эцсийн хувилбарыг баталах аж.
ЕХ Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг хоёр үе шаттайгаар баталж магадгүй гэж урьд нь “The Wall Street Journal” сонин албан тушаалтнуудаас эш татан мэдээлж байсан юм. Гэхдээ Европын улс төрчид “G7”-ийн бүх улсыг бэлэн болтол эцсийн баримт бичгийг батлахаа хойшлуулж магадгүй гэж хэвлэлүүд бичжээ.
"Их 7"-ын орнуудын сангийн сайд нар өнгөрсөн 6-р сарын 26-28-нд болсон дээд хэмжээний уулзалтаараа Оросын эрчим хүчээс хараат байдлыг бууруулах бодолтой байгаагаа баталж, Москвагаас импортлох газрын тос, байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоох талаар урьдчилсан байдлаар тохиролцсон юм. Есдүгээр сард тэд хар алтны дээд хязгаарыг нэвтрүүлэх бодолтой байгаагаа баталжээ. Газрын тосны үнийн хязгаарыг арванхоёрдугаар сарын 5-наас, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хязгаарыг 2023 оны хоёрдугаар сарын 5-наас мөрдөж эхлэхээр төлөвлөж байна.
Москва хариуд нь хязгаарлалтыг хэрэгжүүлэх улс орнуудад экспортоо зогсооно гэж анхааруулсан байна.
Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдснээр, хэрэв ашиг сонирхолтой нь зөрчилдвөл Москва гадаадад юу ч нийлүүлэхгүй гэжээ.