Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлөөс гаргасан Владимир Путинтэй хэлэлцээ хийх боломжгүй гэсэн шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон зарлигт гарын үзсэг зуржээ.
"Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийх боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа" гэж Зеленскийн ажлын албаны цахим хуудсанд байрлуулсан баримт бичигт дурджээ.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч Зеленский хэлэлцээр хийхийг уриалж байсан ч Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх тухай хэлэлцээрт Путин гарын үсэг зурсны дараа "Хэлэлцээрийг Оросын өөр ерөнхийлөгчтэй л хийх болно" гэж онцолжээ.
Владимир Путин өөрийн зүгээс хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд бэлэн байгаагаа нэг бус удаа хэлж байсан ч Украины тал гурван талт хэлэлцээнээс дангаараа татгалзсанаар Истанбулд болсон хэлэлцээ бүтэлгүйтсэнийг Кремль сануулжээ.
Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудыг ОХУ-д нэгдэх гэрээнд гарын үсэг зурах ёслол дээр Путин хэлсэн үгэндээ Киевийн эрх баригчдыг хэлэлцээрийн ширээний ард суухыг дахин уриалсан.
Үүний зэрэгцээ Орос улс бүрэлдэхүүндээ орсон бүс нутгийн оршин суугчдаас хэзээ ч урвахгүй гэдгийг Оросын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн юм.
Орос-Украины хамгийн сүүлийн энхийн хэлэлцээ гуравдугаар сарын 29-нд Истанбул /Турк/ хотод болсон. Одоо талууд зөвхөн хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцаа холбоогоо үргэлжлүүлж байна.