Си Жиньпинд юу тохиолдов? Тун саяхан л түүний эрх мэдэл Хятад улсдаа хязгааргүй гэгдэж, статусын хувьд Мао Зэдунтай эн зэрэгцэн, Хятадад ядуурал үгүй болж, хилийн чанадад тус улсын нөлөө хэлбэрэлтгүй нэмэгдэж байна хэмээн амтай болгон ярьж байсан бус уу. Тэнд болсон үйл явдлыг мэдээллийн дайн гэж нэрлэдэг юм. Америкийн нэр хүндтэй хэвлэл болох Foreign Affairs-т хэвлэгдсэн нийтлэл нь нөгөө мэдээллийн дайны хий үзэгдэл нь байв. Хятадад хямрал болж байна, аравдугаар сарын 16-нд нээгдэх ХКН-ын ХХ их хурлаар тэнд ямар нэг юм болно. Яг тэр үед юу ч бололгүй өнгөрвөл тэр “ямар нэг юм” арай хожуу тохионо. Өрнөдийн хүн бүхэнд ийм бодол төсөөлөл бий болгох хэрэгтэй байв.
Бээжин хот хийгээд Хятадын агаарын зам хаалттай болж гэнэ, бүх нислэгийг цуцалж, нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хориглож, төрийн эргэлт болж, цэргийнхэн Си Зиньпинийг албан тушаалаас нь зайлуулж... гэх хаанаас эхтэй нь үл мэдэгдэх мэдээ дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тархсан юм. Тулхтай сэтгүүлчид чухам юу болсныг нягтлахаар хөдөлтөл тэнд төрийн эргэлт бүү хэл, ер юу ч болоогүй байх нь тэр. Украинд болж буй үйл явдлаас үүдэн, мэдээллийн дайнаар бидэнд хэдийн сайн танил болсон зүйл болж байгаа нь энэ аж. Украйнчууд хааяагүй ялалт байгуулж, оросууд бүх фронтод ялагдал хүлээж байна гэнэ. Ийм мэдээ оросуудын юм уу, хятадуудад сайныг хүсэх орнуудын хүмүүст муу нөлөө үзүүлж, бидэнд туслах, үгүй ядаж саад болохгүйг хичээж буй шийдмэг байдлыг нь нугалж, хугалж байна.
“Дайтах урлаг” хэмээх сод бүтээлийг энд дурдах хэрэгтэй юм. Дайнаас зайлсхийх урлаг, элдэв арга мэх хэрэглэж, тагнах турших болон сэтгэхүйн ажиллагаа явуулан тулаан хийлгүйгээр ялж гарах тухай уг номд өгүүлдэг. Энэ номыг америк хүн биш, хятад хүн бичсэн. Тэрбээр бидний ярьж байгаа юмсын тухай, Си Зиньпинд сая юу тохиолдсон талаар бичжээ. Энэ хүнийг Цай Си гэх бөгөөд Хятадаас зугтаж гадаадад очоод дүрвэгчээр амьдардаг, төрөлх улсынхаа эсрэг үйл ажиллагаа явуулдаг байжээ. Америкийн хятад, профессор Пэй Миньсин гэж бий. Бас л Хятадад юм, юм болохгүй, бүтэхгүй байна хэмээн үздэг хүн. Тухайлбал, авлигатай хийсэн тэмцэл нь, Америкийн эхлүүлсэн худалдааны дайн Хятадыг гутаав, эцэст нь, цар тахлын эсрэг тэмцэл ухаалаг аливаа зааг хязгаараас хэтрэв.
Дээр нь “Бүс ба зам” төсөл байна. Идэвхтэй гадаад бодлогод Хятад таагүй ханддаг. Дарга Си ийм үйл ажиллагаа явуулдаг. Гол нь Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг хязгаартай байхыг цуцлахаас эрх баригч давхарга эмээсэн. Аливаа чанга хатуу тогтолцоо түүнийг өөрчлөх оролдлого хийх үед эвдэрдэг болохоор эрх баригчдыг солих үйл явц сунжирсны дараа өөрчлөлт хийхээс бүр ч айж байв. Профессор Пэйгийн үг дэлхийн улс орон бүрийн түүхийн аль ч үед хамаардаг юм. Ямар нэг төвөг бэрхшээлгүй улс орон гэж байдаггүй. Харин хаана ч байдаг эдгээр төвөг бэрхшээлүүд одоо, тэр тусмаа Хятадад тэсэрч дэлбэрч болохыг яг таг нотлох баримт алга.
Олон улсын цахим харилцаа холбооны тэргүүний суудлыг хэн эзлэх тухайд НҮБ-д одоо жинхэнэ тулаан болж байна. Өрнөдийн төлөөлөл болох америк эмэгтэй Дорин Богдан-Мартин уу, эсвэл Оросын Засгийн газрын байгууллагад ч, Хятадын Хуавейд ч ажиллаж байсан Рашид Исмаилов юм уу. Саяхан болтол энэ холбоо гойд нөлөө, ач холбогдолгүй, НҮБ-ын дэргэдэх цэвэр техникийн чанартай контор л байж, радио үелзэл хэрхэн хуваарилж буйг хянах мэт уйтгартай ажил эрхэлдэг байв. Гэтэл одоо зөвхөн мэдээллийн дайн явуулах зорилгоор Украин бүхэл бүтэн батальонуудаа улаан гал руу шидэж байгаа нөхцөлд хэрэв суудлыг Орос юм уу, Хятадын нэр дэвшигч эзэлчихвэл интернэт цаашдаа хэнийх болох бол гэж НҮБ сэтгэлээ их түгшээж байна. Мэдээллийн орон зайг тулааны талбар болгож хувиргах бүх ажлыг чухам НҮБ л шийднэ хэмээн найдаaд сууж болно гэж үү. Гэлээ ч энэ тухай яриа тэнд эхлээд удаж байна.
Москвагийн их сургуулийн Ази, Африкийн хүрээлэнгийн захирал Алексей Маслов “Спутник” радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо БНХАУ-ын дотоод улс төрийн байдал “муудсан”, тус улсын удирдагч Си Зиньпинийг “баривчилсан” гэх мэдээллийг түгээх шаардлага хэнд, ямар учраас гарч ирсэн тухай ярьжээ. Хятадад төрийн эргэлт болсон тухай худал мэдээллийг АНУ-ын зүгээс цацсан гэж тэрбээр үзэж байна. “Бүх юм өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тэр хугацаанд улам бүр өсөн нэмэгдэж байсан. Си дарга Төв Азиар явж байгаад эргэж ирсэн, эхлээд Казахстанд очсон, тэр бүс нутгийн бусад улсад оччихоод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцсоноор түүний айлчлал дууссаныг би санаж байна. Энэ хугацаанд, түүнийг Бээжинд байхгүй үед нь хуйвалдаан зохион байгуулагдаж, Хятад улсдаа буцаж ирэхэд нь онгоцны буудал дээр шууд баривчилж, гэрийн хорионд байлгасан гэх мэдээлэл тэр дороо интернэтээр түгсэн. Гэтэл тэр үед Си Зиньпин ажлаа хийж, үгээ хэлж, цахилгаан утас илгээж байлаа. “Тэгэхэд үүнийг нь юу ч нотлохгүй, үг хэлж, цахилгаан утас илгээж байсан гэдэг нь урьдчилж бэлтгэсэн бичлэг байв гэж ярих болсон” хэмээн Алексей Маслов тэмдэглэжээ.
Тэрбээр бие даан эрэл хайгуул хийж, энэ цуурхал хаанаас эхтэйг тодруулсан байна. “Энэ бүхэн хаанаас үүсэлтэйг тогтооход тийм ч төвөгтэй байсангүй. Өөрийгөө Женнифер Цен гэж нэрлэдэг блогчин эмэгтэй Тайваньд байдаг. Тэр хүн маш ядмаг англи хэлээр блогоо хөтөлнө, You tube суваг ашигладаг. Хятадыг муулахыг байнга оролдоно. Тэгэхдээ өөрийгөө хэн бүхний олохгүй мэдээлэлд хүрэх эх сурвалжтай гэж дөвийлгөнө. Үнэн хэрэгтээ бол Америкийн сайтуудад байдаг “коммунист засаглал удахгүй сүйрнэ” гэсэн агуулгатай Хятадын талаарх мэдээллийг л ашигладаг хүн юм билээ.
Тэрбээр Си Зиньпин баривчлагдсан гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн нэг генерал хэлсэн гэж ярьсан ч генералын нэрийг “том нууц” гээд дурдаагүй байдаг. Хятадын Умард тойргийн цэргийн ерөнхий командлагчийг Си Зиньпин огцруулах гэж оролдсон ч тэр генерал нь цэргийнхний дунд их нөлөөтэй байснаас чадаагүй. Энэ бүхэн дэмий яриа. Ийм өгөөшийг АНУ шүүрээд үмхчихсэн хэрэг гэж шинжээч үзэж байна.
Америкийн мэдээллийн томоохон агентлагууд дуугарахгүй байхад блогчин ёстой л шуугиан дэгдээж орхив. Женнифер Ценийн энэ гүтгэлгийг тэд дахин дахин олны сонорт хүргэж, Си Зиньпинийн оронд хэн ирэх вэ, Орост юу болох бол хэмээн шуугилдаж гарлаа. Үүнд Хятад улс хэрхэн хандахыг шалгахын тулд АНУ-ын зүгээс хөхиүлэн дэмжсэн эхний нэлээд амттай өгөөш нь энэ гэж би бодож байна. Си Зиньпин энэ сарын 15-16-нд болох Хятадын хувьд хамгийн чухал ажил гэж үзэж буй Комунист намынхаа ХХ их хуралд бэлтгээд тун завгүй байгаа. Энэ хуралд тэр илтгэл тавих ёстой” гэж Алекей Маслов эцэст нь тэмдэглэсэн байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант