ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа.
Баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны порталд нийтэлсэн тул хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Энэ нь эдгээр нутаг дэвсгэр болон 2014 онд "Бүгд найрамдах улс"-хэмээн өөрсдийгөө тунхагдласан Донецк, Луганск мужуудыг ОХУ-д "нэгдэн орох"-ын эхлэл юм.
Баримт бичигт "Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу, НҮБ-ын дүрэмд тусгагдсан ард түмний тэгш эрх, өөрийгөө тодорхойлох зарчмыг баримталж, есдүгээр сарын 27-нд болсон бүх нийтийн санал асуулгаар илэрхийлсэн ард түмний хүсэл зоригийг харгалзан " шийдвэр гаргасан гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр баасан гарагт Путин дөрвөн шинэ нутаг дэвсгэр болох Донецк, Луганск, Херсон, Запорожийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд гарын үсэг зурна.
9-р сарын 23-27 хооронд Луганск, Донецк, Херсон, болон Запорож мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга болсон юм. Дээр дурдсан бүх бүс нутагт сонгогчдын дийлэнх нь нэгдэх хүсэлтэй гэсэн байна.
Пүрэв гарагт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш "Улс орны нутаг дэвсгэрийг өөр улс заналхийлэл, хүч хэрэгүлэх замаар өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэх аливаа үйлдэл Хартийн (НҮБ) зарчмуудыг зөрчсөнд тооцогдоно" гэж өөрийн Твиттер хуудсандаа бичжээ.
Дэлхийн улс орнууд дээрх бүс нутагт болсон олон нийтийн санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн бол Украины тал энэ санал асуулга эзлэгдсэн нутаг дэвсгэрээ эргүүлэн авахад нөлөөлөхгүй хэмээн онцолсон юм.