Пүрэв гарагт Шведийн эргийн хамгаалалтын алба "Умардын урсгал" болон "Умардын урсгал 2" хийн хоолойноос дахин хий алдагдсаныг илрүүлжээ. Энэ тухай пүрэв гарагт тус газрын төлөөлөгчийг иш татан “Svenska Dagbladet” сонин мэдээлэв.
Хий алдагдаж буй хоолой 80 орчим метрийн гүнд байрладаг бөгөөд одоогоор ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байна. Гэхдээ алдагдал маш хурдан илэрснээс үзвэл нилээд том нүх гарсан байх магадлалтай гэнэ.
Ийнхүү “Умардын урсгал” хоолойн хийн алдагдал дөрөв болов.
Өмнө нь мэдээлснээр есдүгээр сарын 26-ны шөнө “Умардын урсгал 2” хийн хоолойд даралт унасан. Гурван цагийн дараа Борнхольм арлаас зүүн хойд зүгт Данийн эдийн засгийн онцгой бүсэд байрлах “Умардын урсгал 1”-ийн хоёр хэсэг дээр даралтын уналт бүртгэгджээ. Балтийн тэнгист гурван хийн хоолой сүйтсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл гэж "Nord Stream AG"-ын анхны оператор мэдэгдэв. "Умардын урсгал"-д учирсан хохирлын нөхөн төлбөрийг 17 тэрбум евро гэж тооцсон.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Умардын урсгал"-д хийн хоолойн ашиглалтын саатал нь хорлон сүйтгэх ажиллагааны үр дагавар байж болохыг үгүйсгэсэнгүй.
Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррелл "Умардын урсгал1", “Умардын урсгал2” хийн хоолойд гарсан хэрэг явдал санамсаргүй биш гэдгийг зөвшөөрсөн байна.