Францад Ерөнхийлөгч Эммануэль Макроны дэвшүүлсэн тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт болж байна. Эл ажил хаялт нь сүүлийн хэдэн арван жилд болоогүй том эсэргүүцэл аж.
Багш, нийтийн тээврийн жолооч, шүүхийн ажилтнууд, эмч, нислэгийн диспетчер болон бусад олон мэргэжлийн төлөөлөлүүд ажил хаяжээ. Цагдаа нар ч мөн адил эл үйл ажиллагаанд оролцсон байна.
Сургуулиудын хичээл тасалдаж, нийтийн тээвэр зогсож, олон эмнэлэгт хэсэг жижүүрийн багийнхан л ажиллаж байна.
Францад олон арван тэтгэврийн тогтолцоо байдаг. Макрон энэ системийг хэтэрхий төвөгтэй, бас өндөр зардаллтай гэж үзэж байгаа бөгөөд тэтгэвэр тооцох нэгдсэн журам гаргахыг зорьжээ. Уг шинэчлэлд тэтгэвэрт гарах насыг 62-оос 65 болгож нэмэгдүүлэхээс гадна ажилласан өдөр бүрийг тооцдог онооны системийг нэвтрүүлэхээр тусгажээ. Дараа нь хуримтлагдсан оноогоор ирээдүйн тэтгэврийг тооцно.
Шинэчлэгдсэн системийн дагуу далайчин, хуульч, тэр байтугай дуурийн уран бүтээлчид гэх мэт маш олон мэргэжлийн төлөөлөгчдийн тэтгэврийн давуу эрх хасагдах юм байна.
Францын Засгийн газар шинэчлэлийн төслийг дэмжиж, ойрын өдрүүдэд өргөн барихаар төлөвлөжээ.
Ажил хаялтыг тэтгэврийн шинэчлэлттэй санал нийлэхгүй байгаа үйлдвэрчний эвлэлүүд зохион байгуулсан байна. Ажил хаялт нэг өдрөөр хязгаарлагдахгүй бөгөөд Макрон төлөвлөгөөнөөсөө татгалзах хүртэл үргэлжлэх болно гэж зарим үйлдвэрчний эвлэлийн удирдагчид анхааруулжээ.