БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Өмнөд секторын штабын дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Африк тивийн Килиманжаро уулын ноён оргилд энэ сарын 23-нд Монгол Улсынхаа алтан соёмбот Төрийн далбаагаа амжилттай мандуулсан юм.
Энэхүү авиралт нь БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагааг сурталчлах, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгчийн хувьд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын сэтгэл санааг өргөхөд чиглэгдэж байлаа.
Хурандаа Д.Жавхланбаяр нь Олон улсын уулчдын нэгдсэн багтай хамтран 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр үндсэн баазыг зорьсон алхалт, өндөр авалтаа эхэлж, 22-ны өдрийн 00 цагт сүүлийн авиралтаа эхлэн 07.15 цагт “Үхүру” оргилд гарсан тухай мэдээг бидэнд ирүүлсэн юм.
Ташрамд сонирхуулахад Килиманжаро уул нь Танзани Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд явган аялал, уулын авиралтын гол газар ба экваторын бүсээс урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км зайд байрладаг галт уул бөгөөд далайн түвшнээс дээш 5895 м өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уул юм.