ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тагнуулын ажилтан асан Эдвард Сноуденд Оросын иргэншил олгожээ. Баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн сайтад дээр нийтэлсэнийг РИА Новости агентлаг дамжуулав.
"ОХУ-ын Үндсэн хуулийн 89-р зүйлийн "а" хэсэгт заасны дагуу би дараахь хүмүүсийг ОХУ-ын иргэншилд оруулахаар шийдвэрлэв: Эдвард Жозеф Сноуден, 1983 оны 6-р сарын 21-нд АНУ-д төрсөн " тогтоолд дурджээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр, Сноуденд Оросын иргэншлийг түүний хүсэлтээр олгосон байна.
2013 оны зургадугаар сард Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хяналт ажиглалтын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллийг “Washington Post” болон “Guardian” сонинд шилжүүлснээр олон улсын томоохон дуулиан дэгдээсэн.
Үүний дараа тэрээр Хонконг руу нисч, тэндээсээ Москвад ирж, хэсэг хугацаанд Шереметьево нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд байсан юм.
Бусад улс орнууд түүнд орогнох зөвшөөрөл өгөхөөс татгалсаны дараа ОХУ Сноуденд АНУ-ын эсрэг үйл ажиллагаагаа зогсоох нөхцөлтэйгээр нэг жилийн хугацаанд түр орогнол олгосон юм.
2014 оны наймдугаар сард Сноуден гурван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд энэхүү зөвшөөрөл нь зөвхөн Орост төдийгүй гадаадад ч зорчих боломжийг олгосон байна.
2020 оны арваннэгдүгээр сард Сноуден Оросын иргэншил авах хүсэлтэй байгааг түүний өмгөөлөгч мэдэгджээ.
АНУ-д түүнийг тагнуулын хэрэгт буруутгагдсан ч 2020 онд тус улсын Давж заалдах шатны шүүх олон сая америкчуудын утасны бичлэгийг хянасан Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тандалтыг хууль бус гэж үзжээ.