Эрхүү мужид дайчлагдсан нэгэн цэрэг татлагын комиссын даргыг буудан шархдуулсан хэрэг гарчээ. Энэ тухай Telegram суваг есдүгээр сарын 26-ны даваа гарагт мэдээлэв.
Буудсан этгээдийг тэр дор нь барьсан байна. Цэрэг татлагын комиссын дарга эмнэлэгт хүргэгджээ. Түүний биейн байдал хүндэвтэр байгаа гэнэ.
Халдлага үйлдэгч нь Эрхүү мужийн Усть-Илимск хотын оршин суугч 25 настай Руслан Зинин гэгч байсан бөгөөд хууль сахиулагчид гэмт хэргийн сэдэлийг тогтоож байна.
Украин дахь цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласан юм. Түүний хэлснээр зөвхөн нөөцөд байгаа, тэр дундаа зэвсэгт хүчний тодорхой алба хааж байсан, тодорхой цэргийн мэргэжил эзэмшсэн, холбогдох туршлагатай иргэдийг дайчилж байгаа аж.
Дайчилгааны хүрээнд Оросын 300 мянга орчим иргэнийг цэрэгт татахаар төлөвлөжээ.
Дайчилгаа эхэлснээр хойш Оросын олон эрчүүд эх орноо орхин гарах болсон тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна.