Казахстаны нийслэл Нур-Султан хотын нэрийг буцаан өөрлөхийг тус улсын Ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев зөвшөөрсөн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Руслан Желдибай мэдэгдэв.
Хотыг Астана гэж хуучин нэрээр нь нэрлэх саналыг Казахстаны парламентын доод танхимын "Шинэ Казахстан" жигүүрийн депутатууд гаргасан бөгөөд тэдний үзэж буйгаар "Хүнийг амьд ахуйд нь нэрээр нь хот нэрлэнэ гэдэг буруу" аж.
1997 оны эцэс хүртэл, Казахстаны нийслэл нь тус улсын өмнөд хэсэгт орших Алма-Ата хот байсан боловч 1997 оны 12-р сард тухайн үеийн Ерөнхийлөгч Назарбаев нийслэлээ төв хэсэгт байдаг Акмола хот руу шилжүүлсэн билээ. 1998 онд тэрбээр нийслэл хотоо Астана хэмээн нэрлэх тогтоолд гарын үсэг зурсан байна.
Астана хотыг Нур-Султан болгон өөрчлөх саналыг одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2019 онд буюу Нурсултан Назарбаевыг төрийн суудлаа түүнд шилжүүлэн өгөх үед гаргаж байсан юм.
2019 онд Нурсултан Назарбаев албан тушаалаасаа буухаар болсноо гэнэт зарласан билээ.
2022 оны 1-р сард болсон эсэргүүцлийн хөдөлгөөний дараа Казахстаны анхны удирдагч тэрбээр Аюулгүйн зөвлөлийн дарга зэрэг бусад албан тушаалаа алдсан юм.
Үүний дараа Назарбаевын төрөл төрөгсөд төрийн компаниуд болон Засгийн газарт хашиж байсан чухал албан тушаалуудаас ээлж дараалан огцорч байв. Мөн Назарбаевын хүүхдүүд 12 дугаар сарын сүүлээс хойш олны өмнө гараагүй бөгөөд тэд хаана байгаа нь одоо хэр нь тодорхойгүй аж.