III Карл Их Британийн хаан ширээнд заларсны дараа түүний өргөөний 100 орчим ажилтанд ажлаасаа халагдаж болзошгүй тухай мэдэгдсэн талаар “Guardian” сонин мэдээлэв.
"Өнгөрсөн долоо хоногт Уэльсийн хун тайж хаан ширээнд суусны дараа түүний ордны үйл ажиллагаа зогссон. . . Зарим ажилтныг цомхотгох нь гарцаагүй боловч бид аль болох олон тооны хүнийг өөр үүрэгт ажилд шилжүүлэх тал дээр ажиллаж байна" гэж мэдээнд хааны ордны төлөөлөгчийн үгийг иш татсан байна.
Тус сонины мэдээлснээр хун тайжийн байранд олон арван жил ажилласан 100 орчим хүн тэр дундаа үйлчлэгч, хувийн нарийн бичгийн дарга, санхүү, олон нийттэй харилцах ажилтнууд есдүгээр сарын 12-нд болсон талархлын ёслолын үеэр дээрх мэдэгдлийг авчээ.
“Хувийн нарийн бичиг, ахлах ажилчид гээд бүгд сэтгэл дундуур байна. Пүрэв гарагаас хойш өдөр бүр шөнө дөл болтол хөдөлмөрлөсөн бүх ажилчид ийм зүйлтэй тулгарлаа. Хүмүүс их цочирдсон" гэж эх сурвалжийн нэг ярьжээ.
Гэхдээ Чарльз болон түүний гэргий Камиллад "тусалж, зөвлөгөө өгдөг" зарим ажилтнуудыг ажлаас нь халахгүй гэж тэмдэглэжээ.
Сонинд бичсэнээр хааны өргөөнд дор хаяж 100 гаруй хүн ажилдаг. Үүнд хувийн нарийн бичгийн дарга нарын албанд 31 хүн, төрийн сангийн хэлтэст мөн тооны хүн, олон нийттэй харилцах албанд 12 хүн байдаг. Гэрийн ажилчид 28 хүнээс бүрддэг бөгөөд дөрвөн тогооч, гурван үйлчлэгч, хоёр туслах ажилдаг гэнэ.
Хатан хаан II Элизабетад 491 хүн ажиллаж байжээ.
Тус улсыг 70 гаруй жил удирдсан хатан хаан II Элизабет есдүгээр сарын 8-нд 96 насандаа таалал төгсөн юм.
Хаан ширээг түүний хүү Чарльз загамжилж, III Карл хэмээх нэрийг авсан.