Энэ хичээлийн жилд нийт 2.2 сая сурах бичгийг нөхөн хэвлэж, ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлэх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өдгөө нэгдүгээр ангийн сурах бичгийг 100 хувь нийлүүлж дуусжээ. 2-5 дугаар ангийнхны хувьд түгээлт 70 хувьтай гэнэ. Харин 6-9 дүгээр ангийн сурагчдын номыг есдүгээр сарын 15 гэхэд орон нутагт хүргэх гэнэ. Бага ангийн хүүхдүүдийн номыг сургуулийнх нь номын сангаар дамжуулан үнэгүй олгож байна. Харин 6-12 дугаар ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-17 нэр, төрлийн сурах бичгийг багцаар нь 12 400-21 000 төгрөгөөр түрээслэн, хэрэглэх нь. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ сурах бичиг худалдан авч өгөхгүй байхыг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Сургуулийн номын сангаас түрээсийн сурах бичиг хараахан олгоогүй бол medle.mn сайтын “Суралцагч” цэсэд байршуулсан цахим сурах бичгийг түр хугацаанд ашиглахыг тус газрынхан зөвлөлөө.