УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, ирэх оны улсын төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ. Ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулахыг тэд шаардсан юм. УИХ-ын сонгуулиас хойш дөрөвхөн сар өнгөрч буй атал намууд мөрийн хөтөлбөрөө мартаж, амлалтаасаа тэнгэр, газар шиг зөрүүтэй төсвийн төсөл боловсруулаад буйг гишүүн Д.Энхтүвшин хөндлөө.
Тэрбээр “Хамтран Засгийн газар байгуулсан намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг эргэн сануулъя. МАН улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25-д хүртэл бууруулна, АН төсвийн зарлагыг 20 хувиар багасгана гэж амласан. ХҮН намынхан бизнест ээлтэй татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор бууруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл ирэх оны улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 37.7-д хүрэх нь. Төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөнө гэсэн үг. Ийм их хөрөнгө хувийн хэвшилд байвал маш их боломж бүтээнэ” гэсэн юм.
Гишүүн Ж.Баярмаагийн хувьд ирэх оны төсвийн төсөлд үргүй зардал маш их тусгасныг шүүмжилсэн. Тухайлбал, 111 тэрбум төгрөгийг томилолт, зочны зардалд зориулахаар төлөвлөсөн нь энэ жилийнхээс дөрөв дахин нэмэгдсэн дүн гэдгийг тодотголоо. Томилолтын зардал 2020 онд 16 тэрбум төгрөг байсантай харьцуулахад эрс өсгөчхөөд байгааг гишүүн Ж.Баярмаа дурдаж байв. Мөн төрийн байгууллагууд тавилга, эд хогшил авахад 268 тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ оныхоос 2.2 дахин нэмэгдсэн дүн гэлээ.
“Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал гэсэн 70 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна. Энэ нь 2024 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн тоо. Уг нь төрийн бүх байгууллага Мэдээллийн технологийн хэлтэс, албатай шүү дээ. Тэгэхээр давхар зардал гаргах гээд байна. Мөн бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр ирэх онд 1.9 их наяд төгрөг болох нь. 2024 оныхоос 2.5 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн ноцтой нь энэ мөнгөөр ямар ажил, үйлчилгээ хийх нь тодорхойгүй. Нарийвчилсан задаргаа нь төсвийн төсөлд байхгүй. Түүнчлэн бараа, ажил, үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 960 тэрбум болж нэмэгдэх нь. 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа, материал авсныг тогтоожээ. Гэтэл үүнийг ирэх жил бараг их наяд төгрөгт хүргэх нь. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, дээр дурдсан зардлуудыг нийслэлд буюу төрийн захиргааны төв байгууллага, яам, Тамгын газарт хуваарилахаар төлөвлөсөн. Орон нутагт шинэ тавилга, тоног төхөөрөмж авах зардал огт тусгаагүй. Тиймээс шударга бус гэж үзэж байгаа юм. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Хан-Уул дүүргийн эмнэлэгт нэг удаагийн бээлий ч үгүй болсон гэх асуудал саяхан гарсан шүү дээ” гэж гишүүн Ж.Баярмаа ярилаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашигтай зардлуудыг тусгах шаардлагатайг онцолсон. Тэрбээр “Засгийн газрын бүтээмжийг хянахгүй байна. Үүнийг маш сайн хянах шаардлагатай. Энэ онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд төгрөг байсныг ирэх жил 26 их наяд болгох нь. Энэ бол урсаад л өнгөрөх үргүй зардал. Монгол Улс нийт орлогынхоо 77 хувийг үргүй буюу урсгал зардалд зарцуулдаг. Гэтэл нөгөө талд бизнес эрхлэгч, ажил олгогч, иргэд татварын асар их дарамтад байна. Тиймээс эл нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд төсвийг дахин хэлэлцүүлэх шаардлага хүргүүлж байгаа юм” гэв.
“2025 оны төсвийн төслөөс ирэх жилийн эдийн засгийн өнгө төрх харагдаж байна. Зардал хэт их тэлэх нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, инфляц хоёр оронтой тооноос дээшилж, төгрөгийн ханш сулрах эрсдэл хэдийн үүсчихлээ. Гадаад валютын ханш өсөж, нөөц нь буурч байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд л хүндээр тусна. Олон улсын валютын сан ч инфляц тасралтгүй өсөх нь гэж анхааруулсан. Тиймээс төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувийг бууруулж, хувийн хэвшлээ дэмжих шаардлагатай. Үүний тулд төсвийн төслийг дахин хэлэлцэж, засварлах ёстой. Ингэснээр улсын эдийн засагт учрах эрсдэл, сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм. Үүний тулд төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах нь зүйтэй” гэж гишүүн Г.Тэмүүлэн хэлэв.
Засгийн газар төсвийн төслөө буцаан татан авч, үргүй зардлаа бууруулсны дараа нэн яаралтай горимоор хэлэлцэн батлах боломжтойг гишүүн Ж.Баярмаа онцолсон. Төсвийн төслийг олонхоороо хүч түрэн баталбал хохирох хүмүүс нь эцсийн дүндээ иргэд гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарч, ул суурьтай хандахыг тэрбээр хэллээ. Гишүүн Д.Энхтүвшингийн хувьд хамтарсан Засгийн газарт орсон МАН, АН, ХҮН намынхан мөрийн хөтөлбөр, амлалтуудаа биелүүлэх нь зүйтэйг онцлов.