Засгийн газар байгуулагдсаны 100 хоног ирэх сарын сүүлчээр тохионо. Сайд нараа томилж, бүрэн бүрэлдэхүүнээ баталгаажуулснаас нь тооцвол энэ хугацаа хэдийн өнгөрчихсөн. Гэхдээ үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж, ажлаа эхэлснээс хойш тэд 100 хоногоо тоолж буй аж. Үүнээс өмнө хамтарсан Засгийн газар олон нийтийн зүгээс эхний огцруулах, хариуцлага тооцуулах сануулгаа авч байна. Шалтгаан нь улсын ирэх оны төсвийн төсөлд тооцоо, судалгаа бага, зураг төсөвгүй, мөн хэний бизнесийг дэмжих гээд байна вэ хэмээн хардахаар, шаардлагатай биш олон төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан явдал.
Төсвийн зардлыг өмнөх оныхоос 60 хувиар давуулж оруулж ирэхдээ Засгийн газар “Том төслүүдээ санхүүжүүлнэ” гэдэг үгээр хаалт хийх гэж оролдсон. Гэвч төсөв хэлэлцэж буй өдрүүдэд “но”-той заалтууд нь ил болж, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Төсвийг нэг хүн зохиож, баталдаггүй. Танхимаараа хэлэлцэж боловсруулсан учраас хариуцлагыг багаараа үүрэх нь зүйд нийцнэ. Тэгвэл асуудлыг энэ хүртэл даамжруулахгүй байх ямар гарц Ерөнхий сайдад байна вэ.
Гурван сонголт
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д ажлын айлчлал хийж байх зуурт нь түүний танхимыг огцруулах, эсвэл хамгийн их шүүмжлэлд өртөж буй Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд хариуцлага тооцох тухай яриа эрчимжив. Одоогоор хэн ч албан ёсоор энэ тухай санал гаргаагүй байна. Нийгмийн сүлжээнд л иргэд хариуцлага тооцох хүслээ бичиж, УИХ-ын ганц нэг гишүүн ярьж буй юм. Харин төсвийн төслөөс нийт 3.6 их наяд төгрөгийн үргүй зардлыг танахыг шаардсан гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар энэ саналыг нь дэмжихийг бусдадаа уриалж, гарын үсэг цуглуулж эхлээд байна. Тэдний саналыг Үндэсний эвслийн дөрвөн гишүүн бүгд дэмжсэн аж. Мөн АН-аас Х.Тэмүүжин, ХҮН намаас Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл нар гарын үсгээ зуржээ. Өсвөр насны хүүхдүүдэд үнэгүй эрхийн бичиг тараахад 18.3 тэрбум төгрөг зарцуулах ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн саналыг дэмжсэнээсээ болж баалуулж буй гишүүн М.Нарантуяа-Нара бас гарын үсгээ зурсан гэнэ. Тэрбээр төсвийн төсөл дэх энэ саналаас бусдыг нь хасахыг дэмжиж буй бололтой. Сонгогчид ч тойргоос нь гарсан гишүүддээ энэ талаар шаардлага тавьж, үргүй зардлыг танахыг дэмжихийг уриалж эхэлсэн байна лээ. Олон нийтийн дэмжлэгийг авч буй уг саналыг хүлээж авахгүйгээр, олонхоороо хүч түрээд “но”-той төсвөө батлах юм бол хамтарсан Засгийн газрыг огцруулах саналыг дээрх гишүүд албан ёсоор тавихыг үгүйсгэхгүй. Олон нийтийн зүгээс ч ингэж шаардаж байгаа юм.
Тэгэхээр Ерөнхий сайдад гурван сонголт байна. Юуны өмнө өргөн барьсан төслөө цээжээрээ хамгаалж, шүүмжилж буй цөөхөн хэдэн гишүүн, иргэдийн үгийг үл тоон төсвийг батлуулах. Шат шатаараа хэлэлцэж, боловсруулаад, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ дэмжээд оруулж ирсэн учраас ирэх оны төсвийн төсөлд зардал дэндүү өндөр, үүн дотор нь зураг төсөвгүй, магадлагаа хийлгээгүй, бүр шаардлагагүй, хэн нэгний бизнесийг илт дэмжсэн санал олон бийг сайд нар бүгд л мэдэж байсан. Тэд харин ч тус тусынхаа эрх ашгийг тусгасан саналыг оруулж ирсэн нь нууц биш. Тиймээс гүрийсэн чигээрээ гүрийх эхний сонголт байна. Гэвч энэ нь тийм ухаалаг алхам биш.
Хоёрдугаарт, нэр бүхий гишүүдийн тавьсан шаардлагыг 100 хувь биш гэхэд тодорхой хувийг нь хүлээн авч, зарим үргүй зардлыг хасах. Засгийн газраа бүрэн авч үлдэхийн тулд бага зэрэг буулт хийж, гал намжааснаар төсвийг хугацаанд нь амжуулан батлуулах боломжтой. Улсын төсвийг хуулийн хугацаанд нь батлахад ажлын тав хоног л үлдээд буй. Тэгж чадахгүй бол Засгийн газар огцордог хуулийн зохицуулалт бий. Мэдээж үүнээс өмнө тохиролцоонд хүрч, гарц олно.
Гуравдугаарт, олон нийтийн анхаарал хэн рүү илүү чиглэж, үзэн ядаж байна, тэр хүнээр “гал тахиад” цаашаа явах. Төсвийн төсөлд 3.6 их наяд төгрөгийн үргүй зардал байгааг бид мэдэж авсан. Гэтэл үүнээс зөвхөн ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн багц дахь өсвөр насны хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх эрхийн бичигт 18.3 тэрбум төгрөг зарцуулах саналыг л олон нийт сугалж аваад “балбаад” буй. Халамжийн сэтгэлгээг хөгжүүлж, өөрийнхөө болон хэсэг хүний бизнесийг дэмжих агуулга эндээс харагдаж байгаа учраас шүүмжлэх нь зүй. Гэвч цаана нь томилолт, зочны зардалд 111.6, тавилга, эд хогшил авахад зориулж 267.8 тэрбум, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд 1.9 их наяд төгрөг гэх мэтээр том дүнтэй, үргүй зардал уг төсвийн төсөлд олон бий. Эзэн биегүй болохоор эдгээр зардал олон нийтийн анхааралд өртөхгүй байгаа бололтой. Нөгөө талаар Ч.Номин сайд өөрийгөө өмгөөлөх гэж байгаад улам гүн нүх ухаад буй нь нэрмээс болов. Яамных нь ажилтнууд, урлагийн салбарынхнаар өөрийгөө өмгөөлүүлсэн агуулгатай хэвлэлийн хурлыг Төрийн ордонд хийлгүүлсэн. Нэмээд цахим хуудсандаа “Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй” хэмээн бичээд буруудав. Соёл, урлагийн салбарыг хэн ч ад үзээгүй, зөвхөн дээрх санал нь үр ашиггүй, үрэлгэн зардал байгааг шүүмжилсэн ч сайд нь ойлгохыг хүссэнгүй, оруулсан саналаа цээжээрээ хамгаалах гэнэ. Тэгэхээр “шүд сугалж” огцруулах эхний сайд нь тэр болж мэднэ. Араас нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаас эхлээд өөр 2-3 хүний нэр ч дуулдаж эхэлжээ. Үндэсний хиймэл дагуулын төсөл хэмээх мөрөөдлийн, үрэлгэн зардлыг төсөвт суулгахтай холбоотойгоор тэрбээр шүүмжлүүлж буй юм. Франц улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх уг төсөлд зориулж ирэх оны төсвөөс 211.6 тэрбум төгрөг зарцуулах аж.
Өөр сонирхол
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонх болсон ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтран Засгийн газраа байгуулах замыг сонгосон. Тэр үеэс эхлээд л энэ Засгийн газар удахгүй тарна гэсэн хүсэл, эсвэл таамаглал зэрэгцсэн билээ. Ялангуяа нам нь олонх болсон учир ямар нэгэн албан тушаалд очихыг битүүхэн хүсэж байсан хүн МАН-д олон. Тэд дараагийн ээлжид хоолонд орохыг хүсэж буй. Тиймээс Ерөнхий сайдын хазгай гишгэх мөчийг далимдуулан энэ хүслээ гүйцэлдүүлэх боломжийг хүлээж байгаа гэхэд болно. Намынхаа бодлогыг дэмжилгүй, олон нийтийн эрх ашгийг хамгаалан дуугарч буй МАН-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нарын үйлдлийг энэ бүхэнтэй холбон давхар хардахад хүрч байна. Сайд болж, ямар нэг өндөр албан тушаалд томилогдож чадаагүй МАН-ынхан, мөн АН-ынхан ч араас нь хатгаж, “чиглүүлж” байж мэдэх учраас эзнийг нь хайгаад эхэлжээ. Тэдний хувьд нэг сумаар хоёр туулай буудахаар хүлээж буй биз. Төсвийн төсөлд хамгийн ажил хэрэгчээр хандаж, журмын дагуу горимын саналаа хэлэлцүүлж, үргүй зардлыг хасуулахаар хичээж буй гишүүн Ж.Баярмааг ч ийнхүү хардах хүмүүс байна. Хариуцлага тооцуулж, огцрох магадлал өндөр болоод буй Ч.Номин сайдын оронд томилох хүний нэр ч дуулдаж эхэлжээ. Энэ мэтээр зарим хүний өөр сонирхол үүний ард нуугдаж байхыг үгүйсгэхгүй.
Ерөнхий сайд гадаад томилолтоосоо өчигдөр буцаж ирсэн байна. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд тэр биечлэн оролцох магадлал өндөр. Эзгүй хойгуур нь үүссэн галыг намжаах ямар нэг тайлбар тавьж, үйлдэл хийх хэрэгцээ гараад байна шүү дээ. Гэхдээ хамтарсан Засгийн газар зарим хүний төсөөлсөн шиг тийм амархан огцорчихгүй, тэр тусмаа бүрэлдэхүүнээрээ солигдохгүй. Танхимаа ч, оруулж ирсэн төсвийн төслөө ч хамгаалж, нөгөө талаар олон нийтийн бухимдлыг намжаахын тулд Л.Оюун-Эрдэнэ ямар шийдэл гаргах нь удахгүй тодорхой болно. Үргүй зардлыг танах нь л түүний хувьд хамгийн зөв шийдэл болно. Төсвийн мөнгийг дэмий үрэхгүй, нөгөө талдаа танхим нь байрандаа үлдэж, 100 хоногоо амжилттай тэмдэглэнэ. Зөв шийдэл олж, төсвийн төслийг хугацаанд нь батлуулахад түүнд ажлын хэдхэн хоног үлдлээ.