Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг өргөтгөх нэрээр өвчтөнүүдийг хүлээж авахгүй байна гэх мэдээллийг эх сурвалж бидэнд илгээсэн юм. Тодруулбал, нэгэн иргэн өнгөрсөн баасан гарагт тус эмчилгээний тасагт аавыгаа хэвтүүлэхээр очтол өргөтгөл хийж байна гэх шалтгаанаар хүлээн авалгүй, Яаралтай тусламжийн тасагтаа түр хэвтүүлжээ. Удалгүй Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн гэнэ. Тухайн тасагт хэвтэн эмчлүүлэхээр очсон бусад хүнийг ч мөн адил буцаасан аж. Энэ талаар тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс лавлахад “Манай эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний 15 ортой тасгийг засварлаж байгаа.
Тиймээс үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон. Ер нь 2015 оны Эрүүл мэндийн сайдын тушаалаар хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдийг аймаг, дүүргийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийнхан хүлээн авах ёстой. Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд энэ тухай албан бичиг хүргүүлсэн. Гэхдээ манай эмнэлэг яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж, Мэс засал, Туяа эмчилгээний тасагт шаардлагатай тохиолдолд хөнгөвчлөх эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэв. Үүнтэй холбогдуулан тус төвийнхөн цахим хуудсандаа “Хөнгөвчлөх эмчилгээний тасаг хэвийн ажиллаж байгаа. Харин ирэх долоо хоногоос засвар хийхтэй холбогдуулан орнуудыг өөр тасгуудад хуваарилна” гэжээ.
Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг өргөтгөх ажил зургаан сарын хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ хооронд үхэл, амьдралын заагт очсон хүнд өвчтэй иргэд хаанаас тусламж, үйлчилгээ авах нь тодорхойгүй байна. Учир нь аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн хорт хавдрын эцсийн шатандаа оношлогдсон өвчтөнүүдийг хүлээн авахаас цааргалдаг аж. Хоол тэжээлийн дутагдалд орсон, цус алдсан зэрэг яаралтай тусламж шаардлагатай хүнд өвчтөнүүдийг хүлээн авдаг, төрөлжсөн тасгийн үйл ажиллагаа доголдсонд иргэд ихээхэн бухимдалтай байна.
Ч.Туяа